Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль амжилттай өндөрлөж, Монголын парламент анх удаа олон намын төлөөлөлтэй болж, 126 гишүүнээ сонголоо. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож буй. Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор холимог тогтолцоогоор зохион байгуулж, сурталчилгааны өдрүүд богино байсан нь улс төрийн нам, нэр дэвшигчдэд сонгогч бүрт хүрэх, өөрсдийнхөө бодлого шийдвэрийг танилцуулахад хүндрэлтэй байлаа. Гэсэн хэдий ч нам, эвслүүд, нэр дэвшигчид сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрсдийгөө таниулах, уулзалтуудаа нэгтгэх зэргээр 16 өдрийн турш сурталчилгаагаа хийв. Цаг хугацаа давчуу байсан нь шинэ нэр дэвшигчид, жижиг улс төрийн намууд, танигдаагүй улстөрчдөд хүндхэн даваа байсан ч сонгогчид дөрвөн намын төлөөллийг сонгож чадав.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгуульд 2.2 сая орчим сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 1.4 сая нь буюу 69.4 хувь, гадаад дахь 9760 монголчууд саналаа өгсөн юм.
Өмнөх сонгуулиас ирц өндөртэй байж, Улаанбаатар хот 70 хувийн ирцтэй, орон нутаг 60-аас дээш хувийн ирцтэй байжээ.
4 НАМ ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ БОЛЖ, 9 НАМ ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ АВНА
Сонгуулийн санал хураалтын дүнгээр МАН 68 суудал, Ардчилсан нам 42, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг нам 4 суудал авах боломжтой болов. Санал хураалтын дүнгээр Монгол ардын нам тойргоос 50-н хүн, намын жагсаалтаар 18 хүн олонхын санал авснаар парламентад 68 суудал буюу олонх болж байна. Ардчилсан нам тойргоос 26 , намын жагсаалтаар 16 хүн олонхын санал авснаар парламентад 42 суудалтай нам болж байна. ХҮН намын хувьд тойргоор 2 суудал, намын жагсаалтаар 8 хүн парламентад суудалтай болж буй бол Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон намууд тус бүр дөрвөн суудалтай болж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн үр дүнд парламент дөрвөн намын төлөөлөлтэй 126 гишүүнтэй болно гэсэн үг юм. УИХ-ын сонгуульд дангаараа оролцож байгаа нам 4 хувийн босго давбал УИХ-ын суудал хуваарилалтад оролцоно. Хоёр нам эвсч оролцвол 5 хувийн босга давна, гурван намын эвсэл оролцвол 7 хувийн босго давах шалгууртай. Тиймээс МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл хуулийн дагуу босго давж, УИХ-д суудалтай намууд болж байна.
Сонгогчдын саналаар намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчид УИХ-ын гишүүн болох зохицуулалттай бөгөөд МАН 35 хувь, Ардчилсан нам 30.1 хувь, ХҮН нам 10.4 хувь, Үндэсний эвсэл 5.2 хувь, ИЗНН 5 хувийн дэмжлэгийг нийт сонгогчдоос авсан байна.
Түүнээс гадна олон жил яригдсан Улс төрийн намын тухай хуулийг бүрэн эрх нь дуусч буй парламент баталсан. Улс төрийн намын тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуульд оролцсон нам нийт сонгогчдын 1-ээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилт авах эрхтэй болж байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн дэмжлэг авах боломжтой 1-ээс дээш хувийн санал авсан нийт 9 нам байгаа. Тодруулбал, энэ удаагийн сонгуульд оролсон Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь, Үнэн ба зөв нам 2.8 хувь, Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь, Бүгд найрамдах нам 1.3 хувийн дэмжлэг авсан учраас төсвөөс санхүүжилт авах эрхтэй болж буй. Гэхдээ эдгээр намууд төсвөөс зүгээр мөнгө аваад суух бус улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх зэргээр үйл ажиллагаагаа сайжруулах үүрэгтэй юм.
ХУУЧИН ТҮШЭЭДИЙГ ШИНЭ ХҮМҮҮСЭЭР СОЛИВ
Энэ удаагийн сонгуулийн үр дүн зарим хүмүүсийн хувьд тааварлаагүй үр дүн үзүүлсэн. Учир нь МАН-аас гэхэд тойрогт нэр дэвшүүлсэн оолн туршлагатай нэр дэвшигчид өвдөг шороодсон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар өвдөг шороодсон нь анхаарал татав. Мөн өнгөрсөн парламентын гишүүдээс МАН-ын Ц.Цэрэнпунцаг, П.Анужин, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, Б.Саранчимэг, Д.Ганболд, Т.Энхтүвшин, Д.Өнөрболор, Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, АН-ын Н.Ганибал, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар өвдөг шороодов.
Мөн олон нийтийн хүлээлт үүсгэж байсан АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр, М.Тулган, Н.Амаржин, Ц.Уянга,З.Нарантуяа, Д.Эрдэнэбат мөн философич С.Молор-Эрдэнэ, дуучин С.Жавхлан зэрэг олон улстөрчид өвдөг шороодож, шинэ нэр дэвшигчид сонгогдсон юм.
18 МЯНГАН ХҮНИЙ САНАЛААР ГИШҮҮН БОЛЖ, 50 МЯНГАН САНАЛТАЙ НЬ УНАВ
Тойрог томсгосон нь сонгогчдыг бүрэн төлөөлж чадах эсэх, зарим бүсийг нэгтгэх, салгах зэргээр дараа дараагийн сонгуульд өөрчлөлт оруулах ёстой гэж судлаачид хэлж байна. Тухайлбал, зарим тойрогт 18 мянган хүний санал аваад УИХ-ын гишүүн болж байхад зарим тойрогт 50 мянган хүний санал авсан ч сонгогдож чадахгүй байгаа нь төлөөллийн зарчим алдагдах, тэгш бус байдал үүсгэж байна гэж шүүмжлэх хүмүүс олон байв. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын сонгох, сонгогдох эрхийг хангахын тулд тэгш гараанаас эхлэх, тэгш боломж олгох нь чухал гэдгийг онцолж байлаа. Мөн намуудын жагсаалттай холбоотойгоор нийт сонгогчдын 30 хувийн санал авахад л 15-18 хүн автоматаар гишүүн болж байгаа нь тойрогт 50 мянган хүний санал аваад унаж байгаа хүнтэй харьцуулахад төлөөлийн тэгш зарчим үйлчлэхгүй байна гэх шүүмжлэл ч гарч байв. Тиймээс дараагийн сонгуулийн тогтолцоо, хууль эрх зүйн орчинд анхаарах ёстойг харуулав.
АНХНЫ 126-Д НАС, ХҮЙС, САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД БАГТАВ
Монгол Улсын парламент анх удаа 126 гишүүнтэй болж байгаагаас 48 намын жагсаалтаар, 78 нь тойрогт нэр дэвшиж сонгогдож буй. Сонгогдсон 126 гишүүнийг нас, хүйс, боловсрол, мэргэжил, хөгжлийн бэрхшээлтэй гээд олон төлөөлөл багтаж буй. Анх удаа парламент 32 эмэгтэй гишүүнтэй болж байна. Нийт 1341 нэр дэвшигч өрсөлдсөний хамгийн залуу нь 25 настай бол ахмад нь 79 настай байсан бөгөөд нийт нэр дэвшигчдийн 520 буюу 38,8 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байсан юм. Харин тэднээс 32 нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байна. Мөн улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулахдаа эрчим хүч, инженер, эдийн засаг, хууль эрх зүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэргээр салбар бүрийн төлөөллийг багтааснаараа онцлогтой сонгууль болов.
Сонгуулийн ерөнхий хороо автомат систем ашигласан ч хуулийн дагуу бүх саналыг 100 гараар тоолж, баталгаажуулах зохицуулалтын дагуу тоолж, хуралдаанаараа олонхын санал авсан нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид болон УИХ-д өргөн барьж, сонгогдсон гишүүддээ гишүүний үнэмлэх олгож, УИХ-ын анхдугаар чуулганаа хийснээр шинэ парламент бүрдэх юм.
Өмнөх найман удаагийн сонгуулиар 76 гишүүн сонгодог байсан парламент 126 болж нэмэгдсэнээр парламентын шинэ хуудас эхэлж, анхны 126 гишүүн нь олон намын төлөөлөлтэй, салбар бүрийн төлөөлөлтэй, нас насын төлөөлөлтэй гээд онцлох зүйл олонтой ардчилсан парламентын тогтолцоонд шинэ хуудас эхлүүлсэн сонгууль болов. Монголчууд ч сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголтоо хийв.