ШИНЭ НАМ: Үндсэн хуулиа зөрчсөн сонгуулийн хуулийн зарим заалтаас болж нэг ч суудал авч чадсангүй

ШИНЭ НАМ: Үндсэн хуулиа зөрчсөн сонгуулийн хуулийн зарим заалтаас болж нэг ч суудал авч чадсангүй

2019 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн асуудлаар “Шинэ нэгдсэн эвсэл” болон бусад улс төрийн намуудын төлөөлөл 2024.07.01-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан билээ. Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэхээр болсон талаар ШИНЭ намын удирдлагууд мэдээлэл өглөө.

Үндсэн хуулийн 21.1-д “....УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно ” гэж зааснаас өөрөөр намуудын авсан саналд ямар нэгэн босго тогтоох талаар тусгаагүй. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.2.2-т “ намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх”, 74.2.3-т “ Хоёр нам бүхий эвслийн тухайд нам эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэх мэтээр босго тавьсан байна. Түүнчлэн 74.3.2-т “ .... шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эсвэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно” гэж заасан нь Үндсэн хуулийн 1.2-т заасан “... тэгш байдлыг хангах...”, 16.9-т заасан “.... төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй ”, 21.1-т заасан “ .... 48 гишүүнийг хувь тэнцүүлэх төлөөлөх аргаар сонгоно ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Энэ удаагийн сонгуульд нийт 1 сая 455 мянган иргэн саналаа өгсөн. Үүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгох 48 суудалдаа хуваахад 30,000 сонгогч тутмаас УИХ-ын нэг гишүүн жагсаалтаар сонгогдох ёстой. “Шинэ нэгдсэн эвсэл”-д 70,000 сонгогч саналаа өгснөөр УИХ-д 2-3 суудал авах нөхцөл бүрдсэн. Гэтэл Сонгуулийн хуульд дээрх босго тавьснаас үүдэн авах ёстой 2-3 суудлаа авч чадаагүй.

Сонгуулийн хуулийн дээрх заалт /74.2.2, 74.2.3/ нь Үндсэн хуулийн тэгш, шударга байх үндсэн зарчмыг зөрчсөн байна. Босго даваагүй гэх 16 нам эвсэлд саналаа өгсөн 207,000 хүний саналыг босго давсан гэх нам эвслүүдэд хувааж өгсөн нь Үндсэн хуулийн 3.1-т заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна. Сонгогчдын бусад нам, эвсэлд өгсөн 207,000 саналыг хүчээр буюу хуулиар дээрэмдэн “босго давсан “ гэх нам эвслүүдэд тэнцүү хувааж өгч байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна.

Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн хуулийн энэ заалтаас болж энэ удаагийн сонгуульд 73,000 санал авсан ИЗНН УИХ-д 4 суудал авч байхад 70,000 санал авсан “Шинэ нэгдсэн эвсэл” нэг ч суудал авч чадсангүй. Хоорондоо 3000 хүрэхгүй саналын зөрүүтэй хоёр нам, эвслийн авсан суудлаас Сонгуулийн хууль нь Үндсэн хуулийн тэгш, шударга байх зарчмыг ноцтой зөрчиж байгааг харуулж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл заалтууд нь Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзээд “Шинэ нэгдсэн эвсэл” болон бусад улс төрийн намын төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлсэн. Энэ дагуу Үндсэн хуулийн цэц асуудлыг хэлэлцэхээр болсон байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд