Нөхрийнхөө аминд хүрсэн эмэгтэйд гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Нөхрийнхөө аминд хүрсэн эмэгтэйд гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Даацын урд ар” гэх замгүй газарт 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан 59 настай эмэгтэй өөрийн нөхрөө машинаар дайрч, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурал шийдвэрлэгджээ. Хэргийн талаар тодруулбал, эмэгтэй нөхрийгөө тээврийн хэрэгсэлд суулгах гэж хойноос нь дагаж явахдаа машинаар түүний урдуур хашиж, зогсоох үйлдэл хийхдээ дайрч болгоомжгүйгээр амь насыг нь хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Эмэгтэй мэдүүлгэдээ ийн хэлжээ. Тэрбээр, “Нөхөр П.Т маань архи уусан үедээ гэр рүүгээ явна гээд ганцаараа явган миний байсан айл болох н.Улаанхүүгийн гэрээс гараад Төв аймаг чиглээд алхаад яваад өгсөн. Ингээд би хөл муутай учир араас нь явганаар явж хориглож болиулах боломжгүй байсан. Тийм учраас өөрийн унаж явсан “85-05 УБӨ” улсын дугаартай “приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод араас нь хөдлөхөд айлаас 3-4 орчим километр зайтай явчихсан байсан. Ингээд би араас нь гүйцэж очоод машинд суучих хоёулаа маргааш хамтдаа гэртээ харъя гэхэд үгүй би шууд явлаа гээд үгэнд орохгүй шууд чигээрээ алхаад байсан. Тэгэхээр нь би араас нь дагаад зөөлөн яваад хажуугаар зэрэгцэж очоод дахин машинд суучих л даа гэж гуйсан боловч миний үгэнд орохгүй, үгүй ээ чи буцаад яв би ингээд л гүйгээд харьчихна гээд зөрөөд алхаад байсан, ингээд энэ байдал 1 километр орчим газарт би гуйж П.Т зөрж үргэлжлээд нилээд явсан. Тэгээд гэнэт П.Т гүйгээд явахаар нь би араас нь хурдаа нэмээд гүйцэж очоод урдуур нь хааж зогсоод суу гэж хэлсэн чинь суухгүй ээ би суухгүй гэж хэлээд зүгээ буруулаад баруун зүг рүү эргээд машин тойрч гарах гээд байхаар нь би урдуур нь хаагаад машинаар хориод байсан чинь нар буруу бүтэн эргээд тэнд байсан дэрсийг тойроод зугтаасан. Ингээд би араас нь машинаар гүйцэж барьж авах гээд ширүүхэн явтал гэнэт урдуур орж ирээд дайрагдчих шиг болсон би яах ийхийн зуургүй дээгүүр нь гараад нэг мэдэхэд өнгөрөөд зогсчихсон байсан” гэв.

Улмаар шүүх түүнийг 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Цг шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймаг, Зуунмод сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байх ялаар шийтгэсэн аж. Өөрөөр хэлбэл хэрэгтэн хоригдоогүй байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд