Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулсан гэх хэрэгт холбогдуулан ойрын өдрүүдэд 20 орчим хүнийг шалгаж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээлэл өглөө.
Энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 122 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Эдгээрээс прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хүрээнд зарим гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөв.
Тодруулбал
- Дархан-Уул аймагт мансууруулах бодисыг эмнэлгийн байгууллагын ажилтан оролцсон байж болзошгүй, бусдад өгдөг, дамжуулж Улаанбаатарт тээвэрлэдэг, худалдан борлуулдаг таван хүнтэй бүлгийг зургаадугаар сарын 4-ний өдөр дайчлан баривчилж, мөрдөн шалгаж байна.
- Монгол Улсын нэр бүхийн есөн иргэн бүлэг зохион байгуулалтад орж, синтетик төрлийн их хэмжээний мансууруулах бодисыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн боомтоор БНХАУ-аас нүүрс тээврийн хэрэгсэл ашиглаж, Монгол Улсад нэвтрүүлж, худалдан борлуулж байсан гэмт хэргийг энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр илрүүлж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Эдгээр этгээд урьд нь мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан.
- Хүүхэд залуучуудыг мансууруулах бодис хэрэглэхийг далд хэлбэрээр сурталчилдаг олны танил репперүүд бүлэг зохион байгуулалтад орж, мансууруулах бодис хэрэглэж байсныг энэ оны зургаадугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 17, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгаж байна хэмээн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээллээ.
Мөн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг "Зургаадугаар сарын 4-6-нд нийт 19 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Гурван хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, бусад хүн гадуур шалгагдаж байгаа.
Өмнөговь аймгийн хилийн бүс нутагт зарагдаж байгаа бодисуудад хяналт шалгалт хийхэд нойр хүргэхгүй байх сэргээш төрлийн бодис хэрэглэж байна. Улсын хэмжээнд мансууруулах бодис хэдэн хүн хэрэглэж байгаа талаар олон байгууллага судалж үзээд, янз бүрийн тоог гаргасан байдаг. Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын хар тамхи хэрэглэгчдийн далд тоог тооцох аргачлал бий. Үүнд 15-64 насны 100,000 хүн тутмын 2.7 хувь нь хэрэглэдэг гэж үздэг. Энэ насны иргэд манай улсад 2.3 сая бий тул дээрх аргачлалаар тооцоход 60,000 хүн байх магадлалтай" гэсэн юм.
Түүнчлэн олон улсад нэг хэрэглэгчийн ард 4-6 хэрэглэгч байгаа гэж үздэг бөгөөд цагдаагийн байгууллагад 5,000 орчим хүн бүртгэгдсэн байгааг харахад 30,000-40,000 хүн байх магадлалтай байна.
Зарим мэдээллийн хэрэгслээр хэрэгт холбогдсон хэмээн уран бүтээлчдийн нэрийг зарлаж буй. Харин цагдаагийн байгууллагаас иргэдийн нэрийг хэлэх боломжгүй гэв.