ХХБ-наас 2 сая доллар залилсан гэх Б.Бямбадоржийг дахин эрэн сурвалжилж эхэллээ

ХХБ-наас 2 сая доллар залилсан гэх Б.Бямбадоржийг дахин эрэн сурвалжилж эхэллээ

Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-аас хоёр сая ам.доллар залилж, улмаар шалгагдаж байх үеэрээ оргон зайлж байсан Б.Бямбадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт товлогдсон байв.

Тэрээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ыг залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Нийслэлийн прокуророос Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-аас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадорж, Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын 9 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3-1 /Залилах/, 17.5-1 / алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 23.2-2 / хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/ гэсэн арав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч энэ сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хурал ирэх долдугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшлогдсон байна.

Шалгагдаж байх үедээ оргон зайлсан Б.Бямбадоржийг 2022 оны долдугаар сарын 07-ны өдөр Ховд аймагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилсан цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан ч өмгөөлөгчийнх нь хувийн баталгаа гаргах хүсэлтээр таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Бямбадорж нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэрэг нь шүүхэд шилжсэн даруйд оргон зайлсан ба түүнийг дахин эрэн сурвалжилж эхэлжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд