ИРЭХ ДАВАА ГАРИГТ  М.БАДАРЧИД УНАСАН БӨХЧҮҮДЭД ЦОЛ, ЧИМГИЙГ НӨХӨН ОЛГОНО

ИРЭХ ДАВАА ГАРИГТ М.БАДАРЧИД УНАСАН БӨХЧҮҮДЭД ЦОЛ, ЧИМГИЙГ НӨХӨН ОЛГОНО

Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Монгол Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөн олгохоор болжээ. Учир нь тэрбээр допингийн шинжилгээнд бүдэрч, Арбитрын шүүхэд хандсан ч дахин ялагдсан юм. Ингээд ирэх даваа гараг буюу зургаадугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын арслан М.Бадарчид 2023 оны наадам буюу Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойгоор унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөн олгох шийдвэрийг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргажээ. Түүнд

Нэгийн даваанд залуу бөх О.Отгонбаяр 

Хоёрын даваанд аймгийн начин Д.Нарангарав 

Гурвын даваанд Хэнтий аймгийн арслан Ш.Отгонтөгс 

Дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул аймгийн арслан Я.Бумбаяр унасан. Тэрбээр бөх сонирхогчдын дунд сайн барилдах залуу бөхчүүдийн тоонд орж байв. Улсын аварга Ч.Санжаадамбыг хаяж явсан бөх. Я.Бумбаяр дөрөв давсан бөхийн бай шагнал авна. Түүнийг баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос ч юм уу нөхөн олгох ёстой аж. 

Тавын даваанд аймгийн хурц арслан Б.Баянмөнх. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул. Тэрбээр улсын начин цол хүртэнэ.  

Зургаагийн даваанд улсын өсөх идэр начин Э.Даш. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Тэрбээр улсын харцага цол хүртэнэ. 

Долоогийн даваанд аймгийн арслангаас улсын харцага болсон С.Сүхбат. Архангай аймгийн Хашаат сумын уугуул. Тэрбээр заан цол хүртэнэ.

Наймын даваанд улсын аварга О.Хангай. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул. Тэрбээр чимэг нэмнэ.  

Есийн даваанд улсын харцагаас Улсын гарди болсон Ц.Бямба-Отгон гэх бөхчүүд унасан юм. Ц.Бямба-Отгон улсын арслан цол хүртэх ёстой. 

Улсын арслан М.Бадарч уржигдар буюу зургаадугаар сарын 12-ны өдөр “Ямар нэгэн шийдвэр гаргаж, цол битгий хураагаарай. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дараа шийдвэрээ гаргаж өгнө үү” гэх утгатай хүсэлтийг гаргажээ. Гэвч энэхүү шийдвэр хэрэгжихээр болсон байна. Угтаа бол тэрбээр шийдвэртэйгээ санал нийлэхгүй байгаа хоёр үндэслэл бий юм. Допингийн эсрэг үндэсний хороо дээжийг буруу тээвэрлэсэн. Мөн анх мэдэгдэхдээ алдаа гаргасан. М.Бадарч өөрөө шийдвэрээ гардаж авч, мэдээлэлтэй танилцаагүй байхад сэтгүүлч олон нийтийн сүлжээгээр зарласан байдаг. Энэхүү хоёр үндэслэлээр тэрбээр Олон улсын арбитрын шүүхэд ялах магадлалтай хэмээн үзэж байгаа ажээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд