Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Охид, эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчид холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2024.06.18/ хэлэлцэнэ.
Тодруулбал, Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчид холбогдох хэргийг өмнө нь гурван шатны шүүх хэлэлцээд Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /1.8 жилийн хорих ял/, давж заалдах шатны шүүхийн магадлалыг /15.4 сая төгрөгөөр торгох ял/ тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тиймээс анхан шатны шүүх буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг энэ оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр дахин хэлэлцээд Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчид 2 жилийн хорих ял оноосон байна. Анхан шатны шүүхийн тус шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан аж.
Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1, 13.11-2.2.1 хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, шүүсэн байдаг юм.
13.10 дугаар зүйл .Хувь хүний нууцад халдах
1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
13.11 дүгээр зүйл.Хувь хүний нууцыг задруулах
2.1.харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эргэн сануулахад, цагдаагийн байгууллагаас “Илрүүлэлт-Оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ны өдөр /2022.09.29/ дайчлан баривчилсан байдаг.
Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр "64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сингапур Улсын иргэн нь дээрх охид эмэгтэйчүүдийг Монгол Улсаас нэг сарын хугацаатай визгүй зорчдог орнууд болох Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогч эмэгтэйчүүд нь 1993-1984 оны эмэгтэйчүүд байгаа" гэж мэдээлж байв.