Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024” болон Монгол Улсын үр дүнгийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр мэдээлэл өглөө.
Дэлхийн 67 улс оронтой харьцуулахад манай улсын өрсөлдөх чадвар ямар байгааг судлаач Ч.Ганбат дараах байдлаар танилцуулав.
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 67 улсаас 61 дүгээрт эрэмбэлэгдээд байна. Өрсөлдөх чадварыг хэмжиж буй индекс нь дөрвөн бүлэгт хуваагддаг.
Тодруулбал
- Эдийн засгийн тамир тэнхээ
- Засаглалын үр ашиг
- Бизнесийн ашигтай ажиллагаа
- Дэд бүтэц
Сайжирсан үзүүлэлт:
Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн тухайд 2024 онд 9.58 оноогоор өсөж, 42 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад уг үзүүлэлт 18 эрэмбээр ахисан.
Эдийн засгийн тамир тэнхээ бүлэг сайжрахад дотоодын эдийн засаг, олон улсын худалдаа, олон улсын хөрөнгө оруулалт эерэг нөлөө үзүүлсэн байна.
Засаглалын үр ашиг бүлгийн хувьд өнгөрсөн жилийнхээс 6.7 оноогоор өсөж, таван эрэмбээр ахиж 53 дугаар байранд оржээ. Үүнд төрийн санхүү гэх бүлэг эерэг нөлөө үзүүлжээ.
Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа бүлгийн хувьд Монгол Улс 2024 онд 67 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр эрэмбээр ахисан үзүүлэлт буюу 10 оноогоор өссөн үр дүн юм.
Муудсан үзүүлэлт:
Дэд бүтэц бүлгийн тухайд нэг эрэмбээр ухарсан байна. Улмаар 67 улсаас 64 дүгээр байранд эрэмбэлэгджээ.
Дэд бүтэц бүлэг буурахад манай улсын
- Шинжлэх ухааны дэд бүтэц
- Эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин гэх үндсэн бүлэг сөрөг нөлөө үзүүлсэн байна.
Валютын ханшийн тогтвортой байдлын үзүүлэлт буурсан. Мөн банкны салбарын активын үзүүлэлт 66.74-өөс 53.76 болж буурсан байна.
Нэг сурагчид ногдох боловсролын төсвийн зардлын үзүүлэлт 617-548 болж буурсан.
Оюуны дайжилт гэх үзүүлэлт нь 2.53-аас 2.33 болж буурсан үр дүн гарлаа.
Бохирдлын асуудлаар Монгол Улс 67 улсаас 67 дугаарт эрэмбэлэгдсэн. Мөн мэдлэг дамжуулах байдлаар 67 дугаарт эрэмбэлэгджээ.
"Эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин, боловсрол, шинжлэх ухааны дэд бүтэц 60-аас хойш эрэмбэлэгдсэн"
Судлаач Ч.Ганбат хэлэхдээ "Дээр дурдсан үндсэн дөрвөн бүлэг нь дотроо 20 бүлэгт хуваагдаж байгаа.
Эдгээрээс хамгийн сайн нь
- Татварын бодлого
- Үнэ
- Дотоодын зах зээлийн бүлэг 30-аас өмнө эрэмбэтэй байна.
Харин эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин, боловсрол, шинжлэх ухааны дэд бүтэц бүлэг 60-аас хойш эрэмбэтэй байгаа юм.
Өнгөрсөн онд аялал жуулчлалын орлого 0.37 тэрбум ам.доллароос 1.55 тэрбум ам.доллар болж өссөн.
Мөн Засгийн газрын төсвийн ашиг, алдагдлын тухайд 0.79 хувиас 2.5 хувь болж өсжээ. Энэ нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-д харьцуулсан хувь юм. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт 3.62-5.88 болсон.
Түүнчлэн эрүүл мэндийн дэд бүтэц, технологийн хөгжил гэсэн бүлэг 2023 онтой харьцуулахад сайжирсан үр дүн гарлаа" гэв.