Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Орчиндоо аюул учруулж болохуйц амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох тухай Зөрчлийн тухай хуульд заасан. Харин хүндэвтэр гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд зааснаар 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Хэрвээ энэхүү гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хохирогч нас барсан бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль, эсхүл 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заажээ. 2023 онд энэ төрлийн 17 гэмт хэрэг, энэ оны эхний 5 сарын байдлаар энэ төрлийн 3 хэрэг бүртгэгдэн, шалгагдсан байна. Он гарснаас хойш 133 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлд зааснаар тус бүр 100 нэгжээр торгож шийдвэрлэжээ.
Хэрэв таны нохой зохих хамгаалалтгүйн улмаас бусдын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулбал хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.