Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан.
Энэ жил шинжилгээг ХБНГУ-ын Дрезден хотын лабораторид шинжлүүлсэн юм.
Долдугаар сарын 14-нд шинжилгээний сорьцууд Дрезден хотод хүргэгдэж, 48 цагийн хугацаанд хариу гарсан. Уржигдар буюу долдугаар сарын 15-ны орой гэхэд хариу бүрэн гарч, Бөхийн салбар хороонд цахимаар ирээд буй.
Тэгвэл, эдгээр 48 шинжилгээний сорьц дундаас 3-4 сэжигтэй тохиолдолд илэрсэн талаар эх сурвалж мэдээлсэн билээ.
Бөхийн салбар хороо шинжилгээний хариуг Баяр наадам зохион байгуулах комисст танилцуулснаар, өнөөдөр олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхөөр болсон.
Гэхдээ өнөөдөр нэр зарлахгүй юм байна.
Учир нь сэжигтэй тохиолдол нь зөвхөн допингийн төрлийн бодис илэрсэн байж болзошгүйг илтгэдэг. Иймд сэжигтэй тохиолдол илэрвэл түүнийг дахин магадалж, шинжилдэг. Дараагийн шатны эл шинжилгээгээр чухам ямар төрлийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсоноор баталгаажна. Олон улсын практикт, сэжигтэй тохиолдол дараагийн шатны шинжилгээнд үгүйсгэгдэх нь бий аж.
Иймд өнөөдөр хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлэх л чигтэй байна. Харин дараагийн шатны шинжилгээ гарсны дараа, нэрийг шууд зарлах эрх зүйн зохицуулалт бий болсон талаар албаны эх сурвалжууд тайлбарлалаа.