Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Парис 2024" зуны олимпын наадмын буудлагын төрөлд Энэтхэгийн тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн. Тодруулбал эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд тус улсын Ману Бакер 221.7 оноогоор хүрэл медалийн болзол хангаснаар Энэтхэг улсаас буудлагын төрөлд олимпын медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болсон юм.
Дараа нь хийн гар бууны 10 метрийн холимог багийн төрөлд Сарабжот Синхийн хамт хүрэл медалийн төлөө БНСУ-ын багийг ялснаар Энэтхэгээс нэг олимпоос хоёр медаль авсан анхны тамирчин болсон түүхтэй.
Их Британийн колони орон байхаасаа олимпод оролцсон энэтхэгчүүд олимпоос 10 алт, есөн мөнгө, 18 хүрэл медаль хүртсэн. Буудлагын төрөлд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай аж.
Сонирхуулахад Энэтхэгийн гар бууны багийн гадаад дасгалжуулагчаар нь Монгол Улсын Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр ажилладаг билээ.
1992 оны зуны олимпын XXV наадмын 25 метрийн гар бууны дасгалд хүрэл медаль хүртсэнээр олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байсан Д.Мөнхбаяр 1998 онд 10 метрийн хийн гар бууны дасгалд дэлхийн аварга болж байв.
Д.Мөнхбаяр 2000 онд Сиднейн олимпод оролцсоныхоо дараа Германы иргэншилтэй болохоор шийдсэн. Улмаар 2002 онд 25 метрийн гар бууны дасгалд дэлхийн аварга болж, 2008 онд Бээжингийн олимпоос уг дасгалдаа хүрэл медаль хүртсэн нэгэн.
Тэрбээр 2013 онд Монголын иргэншлээ сэргээх хүсэлт өгсөн ч татгалзсан хариу авч байв.
Д.Мөнхбаяр Энэтхэгийн залуучуудын шигшээ багт дасгалжуулагчаар 2017 оноос хойш ажиллаж ирсэн. Түүний шавь нараас Рахи Сарнобат 2018 онд Азийн наадмын аварга болж байв.
2022 онд Монголын буудлагын багийн дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй байсан ч болоогүй юм. Үүний дараа Энэтхэгийн шигшээд гар бууны багийн гадаад дасгалжуулагчаар томилогдсон билээ.