Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Даншиг наадам- Хүрээ цам” өнгөрсөн амралтын өдрүүдээр Хүй долоон худагт өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Уламжлалт ёсоор даншиг наадмын хүрээнд үндэсний бөх, өвөрмонгол бөх, буриад бөхөөр бөхчүүд уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзэв. Сонирхолтой нь улсын заан С.Сүхбат дээрх гурван бөхийн төрөлд гурвууланд нь өрсөлдсөн юм.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД С.СҮХБАТ ТҮРҮҮЛЭВ
Үндэсний бөхийн барилдаанд 252 бөх бүртгүүлэн барилджээ. Улмаар улсын заан С.Сүхбат найман даван түрүүлж, даншигийн арслан цол хүртсэн бол аймгийн арслан Г.Мөнхбаяр долоо даван үзүүрлэж, даншигийн заан болов. Их шөвөгт улсын начин Э.Батмагнай болон аймгийн арслан С.Цогтбаатар үлдэж, даншигийн өсөх идэр начин цолыг хангажээ. Харин дунд шөвөгт улсын заан Ц.Одбаяр, улсын начин Б.Суманчулуун, улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Я.Бумбаяр нар үлдсэн аж.
БУРИАД БӨХИЙН БАРИЛДААНД Ц.ӨЛЗИЙСАЙХАН ТҮРҮҮЛЭВ
Буриад бөхийн барилдаанд 107 бөх барилдсанаас цэргийн арслан Б.Өлзийсайхан зургаа даван түрүүлж, цэргийн заан Ө.Батсуурь таван даван үзүүрлэв. Их шөвөгт улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан М.Бэлгүтэй нар шалгарчээ.
ӨВӨРМОНГОЛ БӨХИЙН БАРИЛДААНД Д.АНАР ТҮРҮҮЛЭВ
Өвөрмонгол бөхийн барилдаанд 93 бөх барилдсанаас улсын заан Д.Анар зургаан даван түрүүлжээ. Харин улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Ч.Батчулуун нар шалгарсан аж.
Өчигдөр/2024.08.04/ АПУ ХК-ийн 100 жилийн ойн барилдаанд улсын том цолтой бөхчүүд зодоглож, хурсан олныг цэнгүүлжээ. Үүнээс улсын харцага Б.Цэдэнсодном зургаа даван түрүүлэв. Ингэхдээ үзүүр түрүүнд улсын заан Б.Бат-Өлзийг, тавын даваанд улсын аварга О.Хангайг, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс гэхчлэн өнөө цагийн шилдгүүдийг өвдөг шороодуулсан аж. Их шөвөгт улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарчээ.