Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ-ын эдийн засаг удааширч байна гэсэн болгоомжлол ихсэж, Европ, Азийн орнууд болон АНУ-ын хөрөнгийн зах зээл уналтад орлоо.
“Nasdaq” индекс өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр огцом унасны дараа дахин 6.3 хувиар унажээ. Мөн АНУ-ын бусад гол индексүүд унаад байна. Лондон, Парис, Франкфуртын хөрөнгийн зах зээл дээр томоохон уналт үүсээд байна. Азийн зах зээлүүд тэр тусмаа Японы “Nikkei” индекс 12.4 хувиар буюу 4451 нэгжээр буурч, түүхэн дэх хамгийн том уналт боллоо. Даваа гарагт АНУ-д “Dow Jones Industrial Average” 2.6, S&P 500 индекс 3.2 хувиар буурсан байна. Мөн Франкфуртын DAX 2.3 хувиар буурсчээ. АНУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд сул гарсан нь эдийн засаг удааширч байна гэсэн таамаглалыг өдөөж байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Холбооны нөөцийн банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ буурууллаа. Хиймэл оюун ухаан (AI) дээр төвлөрсөн технологийн компаниудын хувьцаа мөн огцом унаад байна. “Intel” өнгөрсөн долоо хоногт томоохон хэмжээний цомхотгол зарласан бол AI чип үйлдвэрлэдэг түүний өрсөлдөгч “Nvidia” хамгийн сүүлийн үеийн нээлтээ хойшлуулна гэсэн таамаг байна.
Олон тооны технологийн фирмүүдийг багтаасан АНУ-ын “Nasdaq” индекс өнгөрсөн сард дээд амжилт тогтоосон ч өнгөрсөн долоо хоногт 10 орчим хувиар унасан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын томоохон хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн “Berkshire Hathaway” фирм АНУ-ын технологийн тэргүүлэгч “Apple” компанид эзэмшдэг хувьцааныхаа талыг худалджээ.
Японд “Nikkei” унаснаар Тайвань, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австрали, Хонгконг, Шанхайн хөрөнгийн зах зээл 1.4-8 хувиар унав. Өнгөрсөн долоо хоногт Японы Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлснээс хойш иен ам.долларын эсрэг чангарч байгаа нь Токио дахь хувьцааг, тэр дундаа Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадын хөрөнгө оруулагчид болон худалдан авагчдад илүү үнэтэй болгож байна.
Номүра Секьюритиз компанийн хувьцааны ахлах стратегич Томочика Китаока “АНУ-ын эдийн засаг удааширч, Японы Төв банк бодлогын хүүгээ нэмсний дараа зах зээл сандарч эхэллээ” гэжээ.
Бусад Төв банкуудаас ялгаатай нь Японы Төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр түвшинд хүргэв. Японд инфляц зургаадугаар сард төсөөлж байснаас илүү өссөн бол иений ханш суларч, өрхийн зарлага тааруу байгаагаас үүдэн эдийн засаг оны эхний гурван сард буурсан байна. Сүүлийн нэг сарын хугацаанд Японы мөнгөн тэмдэгт ам.доллартай харьцах ханш 10 гаруй хувиар чангарсан байна.
Ажилгүйдэл
Долоодугаар сард АНУ-ын ажил олгогчид 114,000 орон тоо нэмсэн нь хүлээгдэж байснаас хамаагүй бага байсан бол ажилгүйдлийн түвшин 4.1 хувиас 4.3 хувь хүртэл өссөн байна.
Энэхүү тоо баримт нь АНУ-д удаан үргэлжилсэн ажлын байрны өсөлт зогсож магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад АНУ-ын эдийн засаг жилийн 2.8 хувийн өсөлттэй байна.
Эх сурвалж: BBC