ОЛИМПЫН НААДМЫН МАНДАТНЫ ХУВААРИЛТ, ТАМИРЧДЫН ЗАРДАЛ

ОЛИМПЫН НААДМЫН МАНДАТНЫ ХУВААРИЛТ, ТАМИРЧДЫН ЗАРДАЛ

Сүүлийн үед Парисын олимпийг зорьсон Монголын баг, тамирчидтай холбоотой шүүмжлэл асуултууд сошилоор явах болсон. Мөн  тамирчдыг сэтгэлзүйч, хоолзүйч, эмч нар яваагүй гэх яриа газар аваад байгаа юм. Тэгвэл олимпод оролцох баг тамирчдын квотыг хэн гаргаж, баталдаг, санхүүжилт хаанаас авдаг. Тамирчдын зардалын талаарх мэдээллийг хүргэж байна. 

ОЛИМПИЙН НААДМЫН МАНДАТЫГ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?

-Олимпийн наадмын мандат буюу Olympic Identity and Accreditation Card нь Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-оос батлагдсан тусгай журмын хүрээнд олгогддог наадамд оролцогчдын хамгийн том бичиг баримт юм. Ингэхдээ тухайн улсаас эрх авсан тамирчдын тоотой уялдуулан албаны хүмүүсийн эрхийг олгодог. Тухайн улсын албаны хүмүүст ноогдох мандатын тоо нь нийт эрх авсан тамирчдын 50 хувьтай тэнцүү байдаг. Энэ зарчмын дагуу Монгол Улсаас 32 тамирчин эрх авч оролцож буй тул нийт 16 албаны хүн буюу Team Officials мандат олгогдсон гэсэн үг юм. Үүнд, МҮОХ-ны штабын ажилчид, шигшээ багийн дасгалжуулагчид, эмч, хөдөлгөөн засалч зэрэг бүх албан хаагчид хамаарна.

Олимпийн эрх авсан спорт холбоод нь дээрх журмыг үндэслэн нийт тамирчдын тооны 50 хувьд багтаан албаны хүмүүсийн жагсаалтаа гаргаж, мандатаа захиалдаг. Зарим спорт нь жингийн ялгаатай, мөн олон өдрийн турш үргэлжилдэг бол албаны хүмүүсийн мандатыг солигддог (transferable) байдлаар зохицуулдаг. Үүнтэй уялдуулан жүдо, чөлөөт бөх зэрэг спортын дасгалжуулагч, албаны төлөөлөгчдийн мандатыг төлөвлөсөн.

ТӨВ ШТАБ ХЭДЭН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

-Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нь 2020 оноос хойш ОУОХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор тэрбээр энэ удаагийн наадамд зөвхөн МҮОХ-ны төв штабыг удирдан, чиг үүргээр хангахаас гадна ОУОХ-ны гишүүний хувиар үүргээ гүйцэтгэж ажиллаж байгаа болно. МҮОХ нь олимпийн наадамд шигшээ багаа зохион байгуулж, оролцуулах үндсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд Тэргүүн дэд Ерөнхийлөгч (багийн ахлагч) болон Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцуулан нийт таван хүн төв штабт ажиллаж байна.

Олимпийн наадамд томилолтоор ажиллаж буй ОУОХ-ны гишүүн, үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, тэдгээрийн дагалдах зочдын зардлыг ОУОХ-ноос бүрэн хариуцдаг гэнэ.

Энэ удаагийн олимпийн наадамд оролцож буй Монголын шигшээ багт Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч М.Булган, физиотерапист буюу хөдөлгөөн засалч Ч.Туул нар ажиллаж байна. Мөн боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат эмч Ч.Насанбат багтсан. Үүнээс гадна БТСУХ-ны гурван төлөөлөгч шигшээ багийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих чиг үүргийн хүрээнд тамирчдын тосгонд ажиллаж байна.

“NOC Guest” буюу МҮОХ-ны зочны мандат Монгол Улсад хоёр ширхэг оногдсон бөгөөд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд олимпийн наадмын туршид гурав хуваагдан уг мандатыг эзэмшин, ажил үүргээ гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Д.Жаргалсайхан, Ц.Сандуй нар энэ мандатыг эзэмшиж байна.

САНХҮҮЖИЛТЭЭ ХААНААС АВДАГ ВЭ?

-Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/ болон Биеийн тамир, спортын улсын хороо/БТСУХ/ гэх хоёр байгууллага бий. МҮОХ бол төрийн бус байгууллага бөгөөд төрөөс санхүүждэггүй, ОУОХ болон бусад ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагуудын тусламжтай санхүүжилт олдог. МҮОХ жил бүр гишүүдийн ээлжит хурлаа хийж, тайлангаа тавьдаг. МҮОХ-ны 2023 оны санхүүгийн тайлантай танилцана уу.

  • МҮОХ-ны 2023 оны үндсэн үйл ажиллагааны орлого – 4,684,093,084.78 төгрөг
  • МҮОХ-ны 2023 оны үйл ажиллагааны нийт зарлага – 2,926,027,608.77 төгрөг

Орлогын тухайд нийт 2,462,096,000 төгрөг олон улсын байгууллага, хөтөлбөр, түнш байгууллагуудаас орж иржээ. Тодруулбал, түнш байгууллагуудаас 722,456,000 төгрөг, гишүүнчлэлийн татвар 21,600,000 төгрөг, байрны түрээс 60,000,000 төгрөг, Олон улсын олимпийн хорооны эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд 322 мянган ам.доллар буюу 1,085,140,000 төгрөг, Азийн олимпийн зөвлөл 45 мянган ам.доллар буюу 151,650,000 төгрөг, Олон улсын олимпийн хороо 125 мянган ам.доллар буюу 421,250,000 төгрөг тус тус олжээ.

Мөн "361 брэнд" 3 тэрбум 425 сая төгрөгийн бэлэн бус дэмжлэг буюу баг, тамирчдын хувцас, "Ханбогд Кашмер" ХХК 256 сая төгрөгийн баг тамирчдын хувцас, "Келме" брэнд 127 сая төгрөгийн баг тамирчдын хувцасны дэмжлэг үзүүлжээ.

Тэгвэл БТСУХ бол татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг, төрийн байгууллага. Шилэн дансан дахь мэдээллийг харвал БТСУХ-ы гурван ажилтан болох О.Гэрэл, Э.Билэгт, Ш.Баясгалан нар 32,599,860 төгрөгийн зардал гаргуулжээ. Харин Монголын багийн их эмч М.Булган болон массажист Ц.Туул нарын зардалд 9,367,720 төгрөг зарцуулсан аж. Мөн олимпийг сурвалжлах сэтгүүлчдийн баг гэж МҮОНРТ-ийн спорт сувгийн гурван хүн явжээ. Тэдний зардал 29,336,342 төгрөг болжээ.

ТАМИРЧДЫН ЗАРДАЛ, БАГИЙН МЭДЭЭЛЭЛ БИЙ ЮУ?

Мэдээж бүх мэдээлэл шилэн дансан дээр бий. Дээр дурдсанчлан БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлого хэрэгжилтийн хэлтэс болон спорт холбоод олимпийн бүрэлдэхүүндээ хэнийг багтаахаа шийднэ. Гагцхүү тамирчдынхаа 50 хувьтай тэнцэхүйц албаныхан явах учиртай. Жишээлбэл, дөрвөн тамирчин эрхээ авсан бол хоёр албаны хүн дагалдах ёстой юм. Ингээд та бүхэндээ баг, тамирчдын дэлгэрэнгүй мэдээлэл, зардлыг танилцуулъя.

    • Усан спорт: Хоёр тамирчин, нэг дасгалжуулагч – Зардал нь 10,680,370 төгрөг
    • Бокс: Хоёр тамирчин, гурван дасгалжуулагч, нэг эмч, зургаан бэлтгэл хангагч – Зардал нь 99,400,176 төгрөг
    • Хүндийн өргөлт: Нэг тамирчин, нэг дасгалжуулагч – Зардал нь 9,777,290 төгрөг
    • Байт харваа: Нэг тамирчин, нэг дасгалжуулагч – Зардал нь 18,096,124 төгрөг
    • Чөлөөт бөх: Есөн тамирчин, есөн дасгалжуулагч, долоон бэлтгэл хангагч – Зардал нь 252,652,000 төгрөг
    • Жүдо: Арван тамирчин, таван дасгалжуулагч, нэг эмч – Зардал нь 61,892,800 төгрөг
    • Дугуйн спорт: Хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч – Зардал нь 29,580,457 төгрөг

Бусад улс орны жишгийг авахад спортын холбоод бүр хөдөлгөөн засалч, массажист, сэтгэлзүйч, хоолзүйчтэй явдаг. Тухайлбал Энэтхэгийн боксын шигшээ багт гэхэд таван дасгалжуулагч, хоёр хөдөлгөөн засалч, нэг эмч, нэг фитнесийн дасгалжуулагч, хоёр албаны хүн явсан гэнэ. Харин буудлагын багт нь арван дасгалжуулагч, нэг гүйцэтгэлийн мэргэжилтэн, дөрвөн хөдөлгөөн засалч, хоёр сэтгэл зүйч, нэг фитнесийн дасгалжуулагч Парист ирсэн байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр  шигшээ багтаа хэр анхаарал тавдаг. Цаашлаад хэнийг багтааж, олимпод явах нь тухайн спорт холбооны асуудал гэдэг нь харагдаж байгаа юм.

Энэтхэгийн штаб дээр нэг ахлах тогооч, хоёр туслах тогооч, нэг хэвлэлийн атташе, хоёр төв штабын ажилтан, нэг сошиал медиагийн атташе, нэг албаны хүн, нэг олимпийн атташе ажиллаж байна. Тус улс нь энэ удаагийн олимпод 117 тамирчинтай оролцож байгаа билээ. Үүнийхээ 50 хувьтай тэнцэх албаны ажилчдыг авчрах эрхтэй.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд