Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С. Одонтуяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хэльмут Кулитцыг хүлээн авч уулзлаа.
Талууд хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэл болох уур амьсгалын өөрчлөлт, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгаль орчныг хамгаалах хүрээнд олон жилийн нягт хамтын ажиллагаатайг онцлоод энэ удаагийн уулзалтыг удахгүй 9 дүгээр сард болох Монгол, Германы хөгжлийн бодлогын зөвлөлдөх уулзалтын бэлтгэл болгон санал солилцов.
Сайд С.Одонтуяа “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуультай болох, Олон зорилтот ойн тооллого хийх, Боломжит хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг боловсронгуй болгох зэрэг нь Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтуудын хэрэгжилтийг хангах улмаар олон улсын хувьд шинэ орон зай болох Карбоны зах зээлийг хөгжүүлэхэд чухал үндсэн тулгуур болохын онцлоод энэ хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтээ хэлэв. Түүнчлэн Монгол орны ойн тогтвортой менежментийг бэхжүүлэх, чингэхдээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн санг нэмэгдүүлэхэд одоо хэрэгжиж буй төслүүдийг хоёр талаас чиглүүлэн ажиллах боломжийг судлах”-ыг хүсэв.
Элчин сайд Кулитц “Хоёр улсын энэ оны 2 дугаар сард баталсан Стратегийн түвшний хамтын ажиллагаанд Байгаль орчны салбар маш чухал байр суурь эзэлж байгаа тул байгаль орчны хамтын ажиллагааг эрчимжүүлэх” чиглэлээр онцгойлон анхаарахаа нотлов. Түүнчлэн ногоон эдийн засгийн шилжилт, сэргээгдэх эрчим хүчний боломжит хувилбаруудыг нутагшуулах, Монгол Улсаас Парисын хэлэлцээрийн хүрээнд амласан зорилтын хэрэгжилтээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг нь Засгийн газрын 2024-2028 онуудад авч хэрэгжүүлэх чухал арга хэмжээнүүдэд багтаж байгааг таатайгаар хүлээн авч байгаагаа мөн илэрхийллээ.