Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Дээрх ажлын хүрээнд энэ удаад Германд удирдах төвтэй GMP олон улсын архитектур, инжнерингийн компанийн удирдлага мэргэжилтнүүдийг урьж зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжлийн арга зүйн зөвлөгөө хийгээд, мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг хийлгэхээр болжээ.
GMP компанийн тухайд 50 гаруй жилийн туршлагатай бөгөөд олон улсад олимп болон хөл бөмбөгийн UEFA, FIFA гэх мэт дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэнгүүдийн архитектур, инженерингийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай компани юм. Тус компанийн гүйцэтгэх түнш буюу Азийн салбар хариуцсан захирал хатагтай Магдалена Вайсс, туслах түнш ноён Сандер Троост тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Энэ үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн удирдагч Ж.Энхжаргалан “Шинэ цэнгэлдэх хүрээлэн, арена нь 12.8 га газар дээр дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай онгойж хаагддаг дээвэртэй, доороо зогсоолтой, 30.000 гаруй хүний суудалтай баригдахаар төлөвлөгдсөн.
Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард судалгааны ажлыг дуусгаж зураг төслийн тендерийг зарлахаар ажиллаж байна. Бид дэлхийд туршлагатай архитекторын компаниудын төлөөлөлтэй холбогдож хамтран ажиллаж байгаа. Дээрх байгууллагууд зураг төслийн тендерт оролцож эцсийн үнийг санал болгоно.
GMP компанийн тухайд Германы Берлин дахь олимпын цэнгэлдэх хүрээлэн, Канадын Монреал, Хятадын Сужоу, Украйны Киевд байрлалтай олимпын цэнгэлдэх хүрээлэн спорт цогцолборуудын зураг дизайныг гаргаж байсан туршлагатай дэлхий топ компаниудын нэг” гэв.
GMP компанийн гүйцэтгэх түнш буюу Азийн салбар хариуцсан захирал хатагтай Магдалена Вайсс “Бид өмнө нь Испани Улсын Риал Мадрид клубийн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гүйцэтгэж байсан. Дээрх цэнгэлдэхийн эргэн тойрон Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэн шиг орон сууц, хотхон дунд байрладаг. Бидний хувьд цэнгэлдэх хүрээлэнг хотын зах руу нүүлгэлгүй одоо байгаа байршилд нь шинэ төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах нь хамгийн оновчтой гэж үзэж байна” гэв.
Туслах түнш ноён Сандер Троост “Бид Монгол Улсад ирсэнтэй их таатай байна. Төв цэнгэлдэх хүрээлэнтэй танилцахаар ирсэн. Бидний хувьд одоо байгаа байршилд нь төв цэнгэлдэх хүрээлэнг дахин шинээр босгох нь ашиглалт, технологийн шийдэл талаасаа олон давуу талтай гэж хаж байна” гэв.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ