Т.Доржханд: Эрчим хүчний тарифыг шинэчилж, эхний ээлжид бодит өртгөөр алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ

Т.Доржханд: Эрчим хүчний тарифыг шинэчилж, эхний ээлжид бодит өртгөөр алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ

Монгол Улс эрчим хүчний салбарт хараат бус болж, хэтдээ экспортлогч улс болох бүрэн боломжтой учир энэ чиглэлд зорьж ажиллана гэдгийг Шадар сайд Т.Доржханд өнөөдөр мэдэгдэгдлээ. 

Тэрбээр Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар танилцуулахдаа "Өнөөдрийн хуралдаанаар тун чухал асуудал буюу эрчим хүчний салбарын реформын талаар хэлэлцсэн. 

Шинэ сэргэлтийн бодлого, яамдын үйл ажиллагааг уялдуулах хүрээнд Дэд хороог байгууллаа. Эрчим хүчний шинэчлэл хийх, мега төслүүдийг хөдөлгөх, үнэ тарифыг өөрчлөх зэрэг ажлыг уг Дэд хороо хариуцах бөгөөд Засгийн газрын гишүүдээс гадна улс төрийн намууд, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаас төлөөлөл ч багтах шийдвэр гарлаа.

Бид бодлогоо урт хугацаанд төлөвлөж байна. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай, нийт эдийн засгийн 70-80 хувь нь энэ салбараас санхүүжигддэг. Тэгвэл дараагийн салбар нь эрчим хүч болно. Монгол Улсын эрчим хүчний нөөц асар их. Том газар нутагтай, газар доорх эрчим хүчний нөөц ихтэй, нар салхи буюу "ногоон эрчим хүч"-ний нөөцтэй. Монгол Улс эрчим хүчний экспортлогч улс байж чадна. Бодлогоо урт хугацаанд энэ чиглэлд уялдуулж харж байгаа.

Дунд хугацаанд реформыг зоригтой хийнэ. Энэ салбарын төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ, үр ашгийг нь сайжруулна, нээлттэй олон нийтийн компани болгоно, хөрөнгө оруулалтуудыг бий болгоно. 

Хөрөнгө оруулалт бий болгохын тулд үнэ тарифын шинэчлэлтийг хийнэ. Эхний ээлжид өнөөдрийн бодит өртгөөр алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ. Дараа нь зах зээлийнх зарчимд оруулж, үр дүнд нь нийлүүлэлт өссөнөөр үнэ буурна. 

2023 оны гүйцэтгэлээр манай улс 10.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч боловсруулж, 9.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Үүний 77.7 хувийг дотоодоосоо нийлүүлж, 22.3 хувийг гаднаас импортолсон байна. Гаднаас импортолсон эрчим хүчний 60 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ-аас авчээ" хэмээв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд