Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад бин Хамуд Аль-Бусайди 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бараалхав.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв.
Оманы Султант Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Оманы Султант Улсын Султан Хайтам бин Тарикийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Оман Улсын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оманы Султант Улсын Султан Хайтим бин Тарикт халуун мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.