Дорнод аймгийн нутгаас Хятан улсын үеийн язгууртан эмэгтэйн булш илрүүлжээ

Дорнод аймгийн нутгаас Хятан улсын үеийн язгууртан эмэгтэйн булш илрүүлжээ

"Азийн археологийн судалгаа" сэтгүүлийн 39 дэх дугаарт “Дорнод аймгаас олдсон Монголын түрүү үеийн язгууртны булш” судалгааны өгүүлэл нийтлэгджээ. Уг судалгааг Монголоос археологич Ч.Амартүвшин, Б.Батдалай, М.Үүрийнтуяа нар Израиль, Америкийн судлаач Гидеон Шэлач-Лави, Уильям Ханичөрч, Орит Шамир, Даниэла Волин, Шүжи Ван, Нофар Шамиртатай хамтран хийсэн байна.

Тэд Дорнод аймгийн Хар нуураас олсон Хятан улсын язгууртны булшнаас 40-60 насандаа нас барсан эмэгтэйн шарилыг олжээ. Шар торгон нөмрөгтэй эмэгтэйг торго дэрлүүлэн оршуулсан булшнаас алтан гоёл чимэглэл, хүрэл сав суулганы хэлтэрхий, мөнгөн аяга, саадаг, савхин эдлэл болон хэлхдэг шилэн бөмбөлгүүд гарсан байна. Тэрхүү шилэн бөмбөлөг нь монгол нутгийн гаралтай биш буюу гадаад улсаас ирсэн эд аж. Эмэгтэйг 182 см урт, 53 см өргөн нарс, эсвэл шинэс модоор хийсэн нарийн авсанд оршуулсан байна. Гурван улсын хамтарсан төслийн судлаачид 2018 оноос эхлэн Онон мөрний сав газраас Их Хянганы уулс хүртэл Монгол, Оросын нутгийг дамнан орших Хятан улсын үеийн 737 км урт хэрмийн дагууд судалгаа хийж байгаа бөгөөд энэ мэт сонирхолтой олдворын нарийвчилсан судалгааны тайланг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсээр байгаа юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд