Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ зун хур ихтэй байсны улмаас ургац хураалт хийхээс өмнө “гахай”-н өргөст хэмх хэт томорчээ. “Гахай” гэдэг нь ногоочдын дунд өргөн тархсан хэллэг бөгөөд уг сортын өргөст хэмхийг даршлах зориулалттай тарьсан ч шилэн савлагаанд багтахгүй, хэт томорсон байна.
Одоогийн байдлаар шинэлэг, шүүслэг 1000 тонн “гахай” ногоон талбай дээр хаягдахад хүрчээ. Уг асуудлыг шийдэх зорилгоор “Видан” брэнд гахайг аваръя сайн дурын аяныг эхлүүлжээ. Дархан-Уул аймгийн Орхон суманд буй ногоочдын гахайнуудыг Видан брэндийнхэн өөрийн унаагаар тээвэрлэн Улаанбаатар хотод авчирч, худалдагчгүй явуулын мухлаг ажиллуулж байна.
Энэхүү асуудлыг шуурхай шийдэхгүй бол ногоочид эдийн засгийн хохирол амсаж, эх орны хөрсөнд тариалсан өргөст хэмх хэнд ч хэрэггүй болж хаягдах асуудал үүсжээ.
Үүнээс гадна хэт томорч, боловсорсон өргөст хэмх нь үйлдвэрийн технологийг алдагдуулдаг ба даршлах үед хагарч, бутардаг тул үндэсний үйлдвэрлэгч нарын стандартад нийцдэггүй байна. Өөрөөр хэлбэл анх ургасан зорилгодоо хүрч чадаагүй өргөст хэмх гэсэн үг.
Энэхүү аян нь наймдугаар сарын 25-нд Содон хорооллоос эхлэн хотын хөл хөдөлгөөн ихтэй бүсүүдээр тойрон явж эхэлсэн бөгөөд эхний хоёр өдрийн байдлаар 3,9 тонн өргөст хэмхийг иргэд авчээ. Үүнээс гадна гадаа талбайгаа ашиглуулж гахайг аврах цэгийг тогтмол байршуулж чадах байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Явуулын цэг нь худалдагчгүй бөгөөд иргэд өөрийн уутаа авчраад хүссэн хэмжээгээрээ аван, авсан гахайгаа өөрөө үнэлээд, явуулын цэг дээрх мэдээллийн самбар дээр бичсэн тухайн ногоочны данс руу төлбөрөө шууд шилжүүлэх юм. Хүмүүстээ төлбөрөө аль болох ногоочны данс руу хийхийг уриалж байгаа бөгөөд бэлнээр төлөхгүй байхыг хүсэж байна.
Энэхүү аян нь Видан брендийн эх дэлхийгээ хайрлах зорилгын хүрээнд хэрэггүй хог хаягдал үүсэхээс сэргийлж байгаа аж.
Гахайг аврах цэг нь явуулын мухлаг тул тухайн мөчид хаана байршиж буй талаарх мэдээллийг VIDAN фэйсбүүк хуудсаас тогтмол авах боломжтой. Энэхүү хуудас дээр явцын талаар тогтмол тайлагнаж байгаа бөгөөд #GahaigAvray хэмээн бичиж сошиал хуудсуудаар бусдад түгээн, явуулын цэг дээр ирж өргөст хэмх худалдан авахыг уриалж байна.