ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин маргааш Монголд ирнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин маргааш Монголд ирнэ

Халх голын байлдааны 85 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин маргааш Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Тэрээр "Цахим орчинд тархаж буй олон худал, ташаа мэдээлэлд няцаалт өгье.

  1. "Олон улсын эрүүгийн шүүх"-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал өгчээ гэсэн мэдээлэл нь албан ёсны эх сурвалжийн мэдээлэл бус худал, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
  2. "ДЦС-3 ийн өргөтгөлийг ОХУ-тай хамтарч 1.3 тэрбум еврогоор хийх гэрээ байгуулах гэж байна" гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Одоогоор хоёр талаас ямар нэгэн үнийн дүн тохиролцоогүй бөгөөд зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
  3. "ОХУ-ын Ерөнхий прокурор галт зэвсэгтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байсан тул хил дээрээс буцаалаа" гэсэн мэдээлэл нь мөн худал ташаа мэдээлэл болно.

Энэ мэт худал, ташаа мэдээллийг санаатайгаар олон нийтийн сүлжээнд тарааж байгаа тул аливаа мэдээллийн үнэн бодит байдлыг сайтар нягталж байхыг иргэд олон нийтээс хүсэж байна" гэлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд