Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Төсвийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн дөрвөн жил нэлээд ачаалалтай, сорилтын жилүүд байлаа. Төсөв, орлого дутуу явж ирлээ. Харин ирэх дөрвөн жилд бүтээн байгуулалтууд хийх, эдийн засгаа өсгөх сорилттой дөрвөн жил харагдаж байна. Үүний эхний нэг жилийн төсвөө боловсрууллаа.
2025 онд томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, эдийн засгийг тэлэх төсвийн төсөл боловсрууллаа. Авто зам, эрчим хүч, дэд бүтэц, орон сууцжуулалтын төслүүдийг эрчимжүүлнэ.
Манай улсын эдийн засаг Хятад улсаас ихээхэн хамааралтай байна. Хятад улс 3.5 тэрбум тонн нүүрсний хэрэглээтэй гэдэг. Манай улсын гол түүхий эд төмрийн хүдэр, эрчим хүчний нүүрс байгаа. Манай улс сүүлийн 2-3 жил нүүрс экспорт эрчимтэй өссөн. Энэ жил бид 70 сая тонн нүүрс гаргаж байгаа. Ирэх жил 80 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Хятад улс 10-15 жил манай нүүрсийг эрчимтэй авах төлөвтэй байгаа. Манай улс хэдий хэмжээний биет түүхий эд нийлүүлнэ, түүнийг авна гэдэг сонирхлоо илэрхийлж байгаа. Харин үүнээс орж ирэх хөрөнгийг дэд бүтцэд зарцуулах ёстой.
Гэвч нийгмийн өсөлтийг боомилж байгаа зүйл нь эрчим хүч, тээвэр ложистик, зам болж байна. Тиймээс 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд тулгуурласан дэд бүтцийн сэргэлтийг эхлүүлэх онцлогтойгоор боловсрууллаа.
Харин 2025 онд нийгмийн чиглэлийн буюу сургууль цэцэрлэг, сумын захиргааны байр, соёлын төв зэрэг бүтээн байгуулалт нэг ширхэг ч шинээр хийхгүй. Үргэлжилж байгаа ажлуудаа дуусгана.
Зам, эрчим хүч, дулаан гэсэн бүтээн байгуулалтууд хийх төсөв өргөн барьж байна.
Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн загвараар эрчим хүчний төслүүддээ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Эрчим хүчний хүчин чадлыг ойрын жилүүдэд 1200 мВт-аар нэмэхээр төлөвлөж байгаа. Ирэх жил 270 мВт хүчин чадалтай эрчим хүчний үүсвэрт хөрөнгө оруулна.
Ойрын жилүүдэд 4000 км гаруй авто замын ажил эхлүүлнэ. Үүнээс 2200 км гаруйг нь ирэх жил эхлүүлнэ. Эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлнэ. Боомтууд руу чиглэсэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна.
Олон зам, эрчим хүчний төслүүдийг хувийн хэвшил дангаараа хийх боломжгүй. Дэд бүтцийн төслүүдийг төр хувийн түншлэлээр хийнэ. Цаашдаа ч үе шаттай ийм зарчим руу шилжинэ" гэлээ.
2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ.
Нийт хөрөнгө оруулалт буюу улсын төсөв, гадаадын зээл тусламжийн 24 хувийг зам тээврийн салбарт, 10 хувийг дэд бүтэц орон сууцжуулалтад, найман хувийг эрчим хүчний салбарт, долоон хувийг аж үйлдвэрт, есөн хувийг боловсролын салбарт, 35 хувийг бусад салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна.
Төсвөөс зам тээврийн салбарт 3 их наяд, дэд бүтэц, орон сууцжуулалтад 325.2 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 231 тэрбум төгрөгөөр шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, Хөшигийн хөндийн туннел, Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон төслийн санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр тусгажээ.
Эдгээрээс 2025 онд
- Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний төсөлд 210 тэрбум,
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төсөлд 100 тэрбум,
- Газрын тос боловсруулах үйлдвэрт 449.9 тэрбум,
- Шинэ Зуунмод хотын дэд бүтэц 98.4 тэрбум,
- Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж 80 тэрбум,
- Налайх, Тэрэлжийн авто замын өргөтгөлд 66 тэрбум,
- Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөлд 202.4 тэрбум
- Шинэ Хархорум хотын ТЭЗҮ зураг төсөлд 30.8 тэрбум
- Төрийн албан хаагчдын орон сууцжуулах хөтөлбөрт 30 тэрбум
- Боомтуудын шинэчлэлд 69.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн бүсийн онцлогт тохирсон татварын бодлого хэрэгжүүлэхээр төсөвт тусгажээ. Тухайлбал, бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төслийн барилгын материал, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлж, 4 хүртэлх жилээр хойшлуулна.
Бүсчилсэн хөгжлийн томоорон төслийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 0 хувь хүртэл бууруулахаар төлөвлөсөн байна.