Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ирэх оны улсын төсвийн төслийг Засгийн газар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан. Жил бүрийн улсын төсвийн төслийг наймдугаар сарын 31-ний дотор өргөн барьж, УИХ аравдугаар сарын 1-ний дотор хэлэлцэн батлах хуулийн заалттай.
Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал “Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр, шинээр сургууль цэцэрлэг барихгүй. Өмнө нь эхэлсэн төслүүдийг хурдан дуусгахад анхаарна. 4-5 жилийн турш барьж буй барилгууд байна. 2018 онд эхэлсэн ч дуусаагүй төслүүд бий. Зураг төсөвгүй, газрын асуудлаа шийдээгүйгээс сунжирдаг. Энэ онд ажил нь эхэлсэн ч дуусаагүй 136 сургуулийн барилгыг үргэлжлүүлэн барина. Мөн 150 цэцэрлэгийн барилгыг дуусгана. Эдгээр нь бүгд улсын төсвөөр барих байгууламж бөгөөд орон нутгийн болон нийслэлийн хөрөнгө оруулалттай барилгууд багтаагүй.
Эдгээрийг барьж, ашиглалтад оруулснаар улсын хэмжээнд сургуулийн хүүхдийн хамрагдалт 99, цэцэрлэгийн хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 98 хувь болно.
Орон нутагт сургуулийн эрэлт цөөн байна. 2024 оны улсын төсөвт боловсролын салбарын барилгуудыг дуусгахын тулд 303 тэрбум төгрөг зарцуулсан. Гэрээ хийгээгүй, тендер зарлаагүй 42 төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаагүй. Хуулийн төслийг хэлэлцэх явцад эдгээр төслийн явцад ахиц гарвал нэмж тусгана” гэв.
Бид БНХАУ-ын эдийн засгаас ихээхэн хамааралтай. Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо “БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт сэргээгүй байна. Коммунист намын их хурлаас гаргасан шийдвэрээ саяхан танилцуулав. Тус улс цаашид шинжлэх ухаанд хөгжсөн эдийн засгийн шинэ загвартай болно гэв. Энэ хүрээнд судалгаа шинжилгээнд түлхүү анхаарч, олон үйлдвэр барих юм байна. Манай улсаас тус улс руу нийлүүлдэг түүхий эдийн үнэ тогтвортой байна” гэв.
2025 ОНЫ ТӨСВИЙН ГОЛЛОХ ТООНУУД
- Төсвийн орлого 33.8 их наяд төгрөг
- Төсвийн зардал 35.7 их наяд төгрөг
- Гадаад зээл тусламж 2.2 их наяд төгрөг
- Алдагдал 1.9 их наяд төгрөг
- Төлөх өр төлбөр 2.2 их наяд төгрөг