БГД-ийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхжээ

БГД-ийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхжээ

УИХ-ын гишүүн, БГД-ийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхсэн талаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 6 дугаар хорооны Засаг дарга С.Сүхбаатар цахим хуудастаа мэдээллээ.

Тэрбээр “Орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгууль 2024.10.11-нд болохтой холбоотой өчигдөр /2024.09.01/ Баянгол дүүргийн намын хороо нэр дэвшигчдээ тодрууллаа.

Харамсалтай нь, дүүрэг, хороондоо хийсэн ажилтай, хэлэх үгтэй, намдаа чанагдсан, илүүг хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлийг минь мохоох гэж үзлээ. Дэвшигчдэд 100 сая төгрөгийн босго тогтоож танил тал, ах дүү, туслах зөвлөх, хамаатан саднаа нэр дэвшүүлсэн, дүүргийн намын удирдлагуудыг сайтар дэглэсэн жүжиг болж өнгөрлөө.

Дөрвөн жил хорооны даргаар 750-1,5 сая төгрөгийн цалинтай ажилласан. Мөнгөний цэнзүүртэй, өөрийн хүслээр хэрхэхийг шийдэж таалдаг, дураар тонгочих эрх мэдэл мөнгөний хэмжүүрт нэг талдаа сөхөрч байна. Олон залуус мэдэх ч дуугуй тонголзоод өнгөрч байна.

Би ажлаараа харуулдаг, та нарын худал хуурмаг миний хаана ч хүрэхгүй.

Өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн ЗДТГ-аас эхлээд өөрт ашигтай дарга, удирдлагын суудлыг бэрээсээ эхлээд, найз нөхөд, хүрээллийн хүнээрээ дүүргэсэн Ж.Ганбаатар энэ удаад ч олон залуусын боломжийг хумсаллаа. Эдний дэглэсэн олон жүжгийг харж эвлэрч чаддаггүй байсан ч энэ удаагийн жүжиг дэндүү эрээ цээргүй, шударга ёс, тэгш эрх, намын дүрмийг уландаа гишгэсэн үйлдэл боллоо.

Баянгол дүүргийн МАН-ын хороон дарга Ж.Ганбаатарт таалагдаагүй бол нэр дэвших эрхгүй, түүний шаардсан мөнгийг өгөхгүй бол сонгуульд өрсөлдөх эрхгүй. Түүний хамаарал бүхий хүмүүс нэр дэвшдэг бичигдээгүй хуулийг мөрдүүлж байна. Өчигдрийг хүртэл шударга ёсыг дээдэлнэ, хийсэн ажлаар нь өрсөлдүүлнэ, сонгогч олны итгэл дэмжлэгийг харна гэж итгэж явсан. Гэтэл биш байж. Тэр бүүр мөнгө улаан нүд цагаан гэдгийн бодит биелэл болж иргэд сонгогчдын итгэлийг бизнес гэж хардаг болжээ.

Хамгийн харамсалтай нь, Ж.Ганбаатарын энэ мөнгөний тогтолцоо ихэнх залууст ухамсар ёс суртахуунаа түр далд хийгээд, мөнгөний төлөө зүтгэхээс өөр зам үлдээхгүй. Ингэж явахдаа тэд буруу зөрүү зүйл байсан ч нүдээ аниад өнгөрнө. Нэгэнт тийм замаар замнаад ирсэн хүн цүнхийг нь бариад хэлснийг нь үг дуугүй хийж, дэмжинэ. Ёс зүй, ёс суртахууны нүд нь сохорсон хүн зөв буруугийн хил хязгаарыг давж байгаагаа юман чинээ тоохгүй.

Ж.Ганбаатар өөрийн үүсгэсэн мөнгөний хэмжүүртэй чөтгөрийн тойрогтоо олон залуусыг золиосолж байна. Нөгөө талдаа хийж бүтээх хүсэлтэй залуус биш эрх ашиг, мөнгөний хойноос явах эвдэрхий хүнээр дүүрсэн төрийн үр дүн тодорхой биз дээ…

Миний хувьд үүнтэй эвлэрч чадахгүй… Өнөөдрөөс МАН-ын гишүүнээс гарч байна.

Өөрийн сонгох сонгогдох эрхийг хэрэгжүүлэхийн тулд, сонголтгүй сонголтыг өөрчлөхийн тулд энэхүү улс төрийн шийдвэрийг гаргаж дараагийн улс төрийн алхмаа хийх болно. Ирэх орон нутгийн ИТХ-ын сонгуульд Ж.Ганбаатар л биш шүү. Залуус өөр шүү! Өөр шиг чинь биш шүү гэдгийг онцлон хэлье” гэжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд