Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр манай нийгэмд гэмт хэрэг өсөж нийгмийн амгалан тайван байдал алдагдаж байгаа нь нэгэнт ил болсон зүйл. Ард иргэд гэмт хэргийн золиос болон хохирч, мөнгөтэй нь ял завшиж, хоосон нь ялаа эдэлж, нийгэмд амьд явах эрх чөлөөг батлах баталгаа алга болжээ. Хэдийгээр хууль хяналтын байгууллагууд үүний эсрэг тэмцэж байгаа ч гэмт хэрэгтнүүд ял, шийтгэлээс нэгэнт айхаа больж.
Арга ч үгүй, хэдхэн жилийн өмнөх судалгааг та бүгдэд хүргэе:
2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн бага насны хүүхдийг алах гэмт хэрэгт дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 14.25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Энэ нь ялын бодлого 7.95 жилээр суларсныг харуулж байна. Ер нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг сэтгэл зүйн эмгэгтэй пэдофил хүмүүс их үйлддэг. 2021, 2022 оны судалгааг харахад 68 хүн өмнөх гэмт үйлдлээ дахин давтан хийсэн байна.
Дээрх жишээнээс харахад сэтгэл зүйн эмгэгтэй пэдофилууд эргэж нийгэмд гарч ирээд л дараагийн хохирогчийг бүтээнэ.
Эсвэл ардаа асар их нулимс, өр, зээл, хүчирхийлэл, цаашлаад хүний амь нас хүртэл яригддаг цахим залилан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгтнүүдэд торгох ял оноодог утгагүй шүүхийн шийдвэрүүд. Нэгэнт мөнгөтэй болсон гэмт хэрэгтнүүдийг мөнгөөр торгоод яах юм бэ? Тэд дахиад л хийж эхэлнэ шүү дээ.
Ер нь ялын бодлогоор урьдчилан сэргийлнэ гэдэг нь гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг хараад бусад хүн ийм хэмжээний ял шийтгэгдэхээс айх айдас, гэмт хэрэг үйлдэж шоронд орсноос ажил амьдралаа хуулийн хүрээнд хийсэн нь дээр гэсэн ухамсраар дамжиж хэрэгждэг. Харин ялын бодлого хөнгөн байвал гэмт хэрэг үйлдэж хөрөнгө мөнгөтэй болоод баяжсан тохиолдолд ял эдлэх ямар хамаа байх вэ гэсэн үзэл бодол давамгайлах эрсдэлтэй.
Гэмт хэрэгтнүүд ял, шийтгэлээс айхаа больсон цөвүүн цаг ирсэн нь Монголын Шүүх дутуу дулимаг ажлаад байна уу? эсвэл ялын бодлогыг чангаруулах цаг ирсэн үү? гэдгийг уншигч та бүхэн тунгаан бодно бизээ.