Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 577, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 240, эрэн сурвалжлагдаж байсан 39 хүн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл 21, зөрчил гаргасан 3868 зөрчлийг тус тус илрүүлсэн байдаг. Тиймээс согтуу жолоочид оногдуулах ялын бодлогыг чангатгасан. Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол 51.3 хувиар буурчээ.
Эхний удаа согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчилна. Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Үүнд 1-3 жилээр жолоодох эрхийг хасаж, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорино.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын гэмт хэрэг үйлдээд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хасах, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгоно, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
Согтуурсан мансуурсан үедээ хоёроос дээш хүний амь насыг хохироосон бол 8-12 жил жолоодох эрхийг хасаж, 2-8 жил хорино.
Зөрчил гаргасан хүн, хуулийн этгээд торгуулиа хугацаандаа төлбөл торгуулийг 50 хувиар хөнгөлнө. Хугацаа гэдэг нь 15 хоногийн хугацаанд төлнө гэсэн үг. Харин хуульд заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ. Торгуулиа төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийн шинэ төрөл оруулжээ.