УИХ-ын гишүүд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэртэй танилцжээ

УИХ-ын гишүүд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэртэй танилцжээ

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2024.12.18) тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахалж байгаа бөгөөд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн технологид стандартын болон горимын алдаа гарсан эсэхийг нягтлан шалгах чиг үүрэгтэйг тэрбээр танилцуулав. Ажлын хэсэг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсанаас өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, М.Энхцэцэг, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, мөн ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа нар танилцав.

Тус компанийн төвийн болон зүүн үйлдвэрүүд сард 75000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг бөгөөд өртгөөсөө тав дахин хямд үнээр борлуулж буй тухай Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг танилцуулсан юм. “Энержи Ресурс” ХХК-иас мидлингээ үнэгүй авдаг ч татан авах тээвэрлэлтэд нийтдээ 288.4 тэрбум төгрөг зарцуулаад байгааг тэрбээр хэллээ. Түүний танилцуулснаар 1.0 тонн сайжруулсан түлшний өртөг 598.9 мянган төгрөг болдог бөгөөд үүнийг шуудайд шилжүүлбэл нэг шуудай түлшний өртөг 15 000 төгрөг болох бөгөөд үүнийг 3750 төгрөгөөр борлуулдаг байна. Компанийн нийт зардлын 45.1 хувийг түүхий эд, түүнийг татан авах зардал эзэлдэг бөгөөд 26.5 хувийг цалингийн, 6.5 хувийг элэгдлийн зардал эзэлдэг аж.

Ухаа худгийн уурхайн мидлинг эрчим хүчний нүүрсний MNS 6226:2011 стандартын шаардлагыг, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш хатуу түлшний MNS 5679:2022 стандартын шаардлагыг, үйлдвэрлэлд ашиглаж байгаа барьцалдуулагч бодис холбогч эдийн CS 11-0566:2024 стандартын шаардлагыг тус тус бүрэн хангаж байгааг ерөнхий технологич Д.Өлзийбат үндсэн үзүүлэлтээр тайлбарлан ярьсан юм. Тэрбээр үйлдвэрлэлийн технологийн горим огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд түүхий эдийн найрлагад өөрчлөлт ороогүй хэмээн мэдэгдэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд