Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно.
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн.
- Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн.
- Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.
- Ингээд хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлуудыг тоймлон мэдээлье.
Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна.
Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна.
Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрээд байна.
Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний Баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их хааныхаа нэрээр нэрлэх болно. Олон улсад энэ сан “CHINGGIS FUND” нэршлээр танигдана гэсэн үг юм.
Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна.
Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрт 135 мянган төгрөгийн хадгаламж, Е-Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байна. Хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгааг иргэн бүр харах боломж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой болж байна гэсэн үг.
2025 он гараад иргэн Та хүсвэл Хадгаламжийн нэрийн картаа авч болно.
Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна.
Шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт юм. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн.
Хөгжлийн санд урьдчилсан байдлаар нэг их наяд төгрөгийн 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрдэж байна. Хөгжлийн банк ЭКСИМ БАНК болсон.
Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа булангийн орнууд, баялгийн сангууд илэрхийлээд байна. Мөн өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргалаа.
Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гаригт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтлоо.
Урьд нь улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдлөж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг. Энэ асуудлуудыг удахгүй Улсын Их Хуралд нээлттэй ярилцах цаг дөхөж байна.
Эрдэнэт 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт, Эрдэнэс Тавантолгой тойрсон нүүрс болон төмөр замын асуудал бүгд л шийдвэрлэгдэх үед олон нийтийг үймүүлж өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхжиж байсан. Гашуунсухайт-Ганцмод төсөл гацсан шалтгаан ч бас ийм ашиг сонирхолтой холбоотой байсан. Гэхдээ олон нийт маш хэрсүү байж, шударга ёсны төлөөх жингийн цуваа явсаар л байна. Цаашид ч явсаар байх болно.Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажиллаж байна. Ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжинд иргэн бүрт 135.000 төгрөг олгогдоно.