Тээврийн хэрэгслийн улсын дугаар “Carplate” цахим системийг 12-р сарын 30-ны өдөр нээнэ

Тээврийн хэрэгслийн улсын дугаар “Carplate” цахим системийг 12-р сарын 30-ны өдөр нээнэ

Хуваалцах Жиргэх

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээж, нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхэлнэ.

Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын авто тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан албаны дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоотой энэхүү системийг боловсруулж гаргаж байна. 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс иргэдээс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Тиймээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс нэгдүгээр сарын 14-ны өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. Систем маш энгийн, ойлгомжтой харагдана. Иргэд төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрч систем рүү орно. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.

Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой юм. Тухайлбал, “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 74.1 хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна” хэмээн тус системд бүртгэгджээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд