"Зон Олны Нам", "Монголын Либерал Ардчилсан Нам”-ын даргын өөрчлөлтийг бүртгэжээ

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд

  1. Зон Олны Нам /ЗОН/-аас ирүүлсэн “намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээнд тэмдэглүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэв.
  2. “Монголын Либерал Ардчилсан Нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Анхбаяраас ирүүлсэн “Монголын Либерал ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэхээр шийдэв.
  3. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ыг хуульд нийцүүлэн өөрчилж батлав.
  4. Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаарх саналаа  хууль санаачлагчид хүргүүлэхээр шийдэв.
  5. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын гишүүдээс албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх саналтай танилцав.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам” болон “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам”-уудын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 дахь хэсэгт заасан танхимын тэргүүнүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүнээр Г.Алтанчимэг нарыг нийт шүүгчийн олонхын саналаар улираан сонголоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд