"IHC Apes" баг дасгалжуулагч Славолуб Лале Горуновичоо халжээ

Монголын сагсан бөмбөгт өөрийн гэсэн өнгө төрх, дэмжигчдийн хүрээлэл, соёлыг бий болгосон "IHC Apes" багийн мөрөөдлийн улирал бараан төгсөхөд ойрхон ирсэн. Тэд өнөөдөр/2024.03.01/ плей-оффын хагас шигшээ шатны цувралын тав дахь тоглолтыг Бишрэлт Металл багийн эсрэг хийнэ. Цуврал 3-1 гэсэн харьцаатай байгаа бөгөөд хэрэв өнөөдөр Металл хожвол цуврал дуусч, "Apes" гэртээ харина.

Тэгвэл ийм чухал тоглолтын өмнө "IHC Apes" баг ахлах дасгалжуулагчаа халж байгаа аж. Энэ талаар тус багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Славолуб Лале Горунович өөрийн цахим хуудаснаа "2023-24 оны улирлыг IHC Apes багийг түүхэн дээд амжилтад нь хүргэснээр өндөрлүүллээ. Хамтран ажилласан клубын удирдлага болон тоглогчид, ялангуяа эхний тоглолтоос хойш биднийг дэмжиж байсан клубын агуу хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Та бүгдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Одоо шинэ сорилтуудтай нүүр тулах цаг иржээ" гэжээ.

"IHC Apes" баг энэ улирал үнэхээр онцгой байгаа. Тэд улирлыг 19-5 гэсэн амжилттай дуусгаж, плей-оффын нэгдүгээр шатанд Налайх Бизоныг 4-1  гэсэн хожсон билээ. Лале Горуновичийн удирдлага дор "Apes"-ийн хамгаалалт, довтолгоо онцгой байж, лигийн хамгийн шилдэг баг болоод байсан юм. Харамсалтай нь плей-оффд Металлын эсрэг хүссэн үр дүнгээ авч чадсангүй.

Лале Горуновичийн багаас М.Өлзий-Орших "Улирлын үнэ цэнтэй тоглогч"-оор шалгарч, Энтони Смит "Шилдэг легионер тоглогч" болсон билээ.

Ийнхүү серби мэргэжилтэн өөрийн туслах дасгалжуулагч буюу хүүгийнхээ хамтаар "IHC Apes" багийг орхиж байна. Өнөөдрийн тоглолтод "IHC Apes"-ийг хэн удирдах нь тун сонирхолтой.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд