Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгөний бодлогын хороо өнөөдөр шийдвэрээ танилцуулна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо улирал тутам хуралддаг. Тус хороо 2023 оны арванхоёрдугар сард хуралдаж, бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм.
Энэ шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцнэ гэсэн юм. Жилийн инфляц 2023 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарсан.
2023.12.14-нд гаргасан, Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгснөөр инфляц ийнхүү буурлаа.
Гэвч төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр байгаа нь эрэлтийн талын нөлөөг нэмэгдүүлж байна. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, эдийн засгийн өсөлт энэ оны эхний 3 улиралд хүлээлтээс өндөр гарлаа.
Уул уурхайн салбарын сэргэлтийг дагаад тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл идэвхэжсэнээс гадна бодит орлогын өсөлтийг даган өрхийн хэрэглээ үргэлжлэн сэргэж байна. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл сайжирч, төсвийн зардал тэлэхээр байгаа нь эдийн засгийн өсөлтийн төлөвт эергээр нөлөөлнө. Ойрх Дорнодод үүссэн хурцадмал байдал нь глобал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ.
Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа БНХАУын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хүндрэл үргэлжлэн эрдэс түүхий эдийн үнэ цаашид буурах, гадаад эрэлт энэ оноос саарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин болон инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг авч хэрэгжүүлнэ.