Мияагино дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээнд шилжүүлнэ

Мияагино дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээнд шилжүүлнэ

Японы сүмогийн холбоо Пүрэв гаригт дуулиан шуугианд холбогдоод буй Мияагино дэвжээг хааж, бөхчүүд болон багш нарыг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүлэх болсныг зарлалаа.

Дээд зиндааны макүүчи зиндаанд 45 удаа түрүүлсэн ёкозүна Хакүхо асан Мияагино дэвжээг удирддаг байсан бөгөөд түүний шавь өсвөрийн бөхчүүдэд бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсоноор асуудал дэгдсэн. Үүнээс болж Японы сүмогийн холбоо Хакүхогийн дэвжээ удирдах эрхийг нь түр хугацаагаар хааж, цалинг нь хассан бол Монголд төрж, Хоккайдод өссөн Хокүсэйхо энэ дуулианы улмаас зодог тайлсан билээ.

Энэ сард эхэлсэн Харү башёгоос хойш бөхчүүдийг шилжүүлэх асуудал яригдаж байсан. Эхний төлөвлөгөөгөөр Мияагино дэвжээний бөхчүүдийг өөр өөр дэвжээ рүү хувааж илгээхээр яригдаж байсан ч Японы сүмогийн холбоо бүх бөхийг нэг дор шилжүүлэхийг илүүд үзжээ. Хамгийн сүүлд гаргасан шийдвэрийн дагуу Хакүхо бөхчүүдийнхээ хамтаар Исэгахама дэвжээнд шилжиж, тус дэвжээнд багшаар ажиллах болсон байна.

Японы сүмогийн холбооны олон нийттэй харилцах менежер Садогатакэ Токиод болсон захирлуудын зөвлөлийн хурлын дараа "Мияагино дэвжээ бүр алга болно гэсэн үг биш. Түр хугацаанд хяналтад байна гэсэн үг. Мияагино ояката дахин сайн бөхчүүдийг хүмүүжүүлнэ гэдэгт бид найдаж байна" гэжээ.

Исэгахама дэвжээний аварга, ёкозүна асан Асахифүжи, багш Асакаяама, озэки асан Кайо нар хоёр сар тутамд зохиогддог тэмцээний дараа Хакүхогийн талаар сүмогийн холбоонд тайлагнана. Тус дэвжээнд өдгөө 20 орчим бөх харъяалагддаг. Мияагино дэвжээний 20 орчим бөх Исэгахамад нэгдсэнээр сүмогийн хамгийн том дэвжээ болох юм.

Эх сурвалж: KYODO NEWS



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд