Ногдол ашгаа авч чадаагүй иргэдийн анхааралд

Ногдол ашгаа авч чадаагүй иргэдийн анхааралд

"Эрдэнэс Тавантолгой" ХК 1072 хувьцааны ногдол ашгаа энэ удаа болон өмнө авч чадаагүй иргэд хүсэлт гаргах боломжтой. Тухайлбал, хувьцаатай ч ногдол ашгаа авч чадаагүй иргэд төвлөрсөн хадгаламжийн төвд хүсэлт гаргаж, мэдээллээ шалгуулах юм байна. 

Учир нь, төвлөрсөн хадгаламжийн төвд бүх үнэт цаас болон брокер дилерийн хаяг, байршил, утасны дугаар байдаг бөгөөд 1072 хувьцааны өмнөх ногдол ашгаа аваагүй иргэд лавлаж, тодруулах боломжтой аж. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-нд хуралдаж компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. 

Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдсэн гэж хэлж болно. Энэ удаагийн ногдол ашгийн мөнгийг олгохдоо брокерт нээлгэсэн данстайгаа холбосон банкны данс, төрд бүртгэгдсэн бусад дансаар гээд олон төрлөөр шилжүүлэг хийгдэж байгаа учир юуны өмнө иргэн өөрийн нэр дээрх банкны дансуудаа шалгахыг зөвлөжээ. Хэрэв дансанд нь мөнгө ороогүй тохиолдолд иргэн брокерын компанид хандаж, мэдээллээ оруулаад банкны дансны мэдээлэл хэвийн байгаа эсэхийг, ногдол ашиг нь хэрхэн олгогдох талаарх мэдээллийг авах юм. 

Ногдол ашгийн шилжүүлгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилжүүлдэг учраас брокерын байгууллагаас ногдол ашиг хэзээ шилжүүлэгдэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тиймээс иргэд ашгаа аваагүй бол дансаа шалгаж, үүний дараагаар лавлах нь зүйтэй. Ташрамд дурдахад, ногдол ашгийг арилжааны банкууд олгож дуусаагүй байгаа юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд