105 ИРГЭНД ХУУЛЬ БУСААР ГАДААД ПАСПОРТ ГАРГАН ӨГЧЭЭ

105 ИРГЭНД ХУУЛЬ БУСААР ГАДААД ПАСПОРТ ГАРГАН ӨГЧЭЭ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 84, Өмчлөх эрхийн эсрэг 73, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Авлига, албан тушаалын 6, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 8 иргэнийг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 105 иргэнд хууль бусаар Монгол Улсын иргэний гадаад паспорт гарган өгч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын ажилтан Б.М нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А нь тус хурлын сул орон тоонд төрийн албанаас чөлөөлөгдөж байсан иргэнийг томилж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Г.М нь хууль бусаар археологи, палеонтологийн малтлага хийж, Н.Э, Н.П нартай бүлэглэн, малтлагаар олдсон соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх/, 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд