Ирэх намраас хүүхдийг цахимаар дээрэлхэх, дарамталсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгоно

Ирэх намраас хүүхдийг цахимаар дээрэлхэх, дарамталсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгоно

УИХ 2024 оны нэгдүгээр сарын 17-нд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж, 2024 оны есдүгээр сарын 1-ээс дагаж мөрдөхөөр болсон.

Уг хуулийг шинэчлэх болсон үндэслэл нь эцэг, эхчүүд хүүхдийг үл хайхарсны улмаас хүүхэд бие махбод, сэтгэл санаа, бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн улмаас хохирсон, нас барсан хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 68 хувийг хүүхэд эзэлж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүргэх, эцэг, эх хүүхдээ үл хайхрахыг хориглосон заалтыг тусгажээ.

Эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэхээр болов.

 

Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн дэргэдэх шашны сургуульд суралцаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгасан. Хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, зөвлөгөө өгөх, хүүхэд бүрийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах, хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй тохиолдолд гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид даруй мэдэгдэхийг боловсролын сургалтын байгууллагын холбогдох ажилтанд үүрэг болгожээ.

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч өөрийн сүлжээнд хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц хориотой, хортой контентыг хязгаарлах, контентын ангиллын тэмдэглэгээг олон нийтэд түгээхийн өмнө байршуулах, насанд хүрэгчдэд зориулсан тохиргоог идэвхжүүлэх боломжоор хэрэглэгчийг хангасан байна.

Хүн, хуулийн этгээд хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хориотой агуулга түгээснээс хүүхдийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзвэл гомдлоо хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх бөгөөд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамталсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд