“Монголын мистер” Т.Батнасан шүүгч нарын биед нь халдан, зодож танхайрчээ

“Монголын мистер” Т.Батнасан шүүгч нарын биед нь халдан, зодож танхайрчээ

Монголын бодибилдинг фитнесийн холбоо өнгөрсөн баасан гаригт “Монголын Мистер 2024” 33 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулсан. Уг тэмцээний бодибилдинг ангиллын үнэмлэхүй аваргаар Б.Хэрлэн тодорч, 33 дахь “Монголын Мистер” болсон юм.

Харин бикини модель ангиллын үнэмлэхүй аваргаар дэлхийн аварга Н.Дашболдцэцэг, эрэгтэй спорт модель ангиллын үнэмлэхүй аваргаар О.Тэмүүлэн нар тодорсон байдаг. Гэвч тэмцээний дараа шүүлттэй холбоотой асуудал гарч, оролцогчид төдийгүй сонирхогчид гомдол мэдүүлж, эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. Тэдний нэг нь 2021 оны “Монголын мистер” Т.Батнасан юм. Тэрбээр тэмцээний дараа сошиал орчинд шүүлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, шүүмжилсэн байдаг.

Ингэхдээ “Дараа жил гадаадаас гурван шүүгч авчрахгүй бол цус ойртолт явагдлаа шүү. Бодибилдинг гэдэг спорт ч яалт ч үгүй шүүгч нарын гарт орчихож байгаа юм л даа. Бөх байсан бол түрүүлээд тохой нь хүрлээ гэхсэн. Холбоо шүүгч нараа нягтлахгүй бол гадны нөлөө ороод байна шүү” хэмээсэн юм.

Тэгвэл үүний дараа “Монголын мистер” Т.Батнасан шүүлтээс үүдэлтэй гомдлоо зүй бусаар гаргаж, шүүгч нарыг дарамталж, биед нь халдаж, зодож танхайрчээ. Энэ талаар Монголын бодибилдинг фитнесийн холбооноос мэдэгдэл гаргаж, Т.Батнасангийн гадаад, дотоодын тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас гадна хар тамхитай тэмцэх хэлтэст ханджээ.

Тус мэдэгдэлд “Т.Батнасан нь шүүгчдийг дарамталж, заналхийлэн ерөнхий шүүгчийг ажлын байрандаа ажлаа хийж байхад нь зодож танхайрснаас гадна ерөнхий нарийн бичгийн даргыг зүй бус үгээр доромжилсон. Холбооны эд хогшлыг эвдэж сүйтгэсэн. Танхайрсан үйлдэл гаргах үедээ мансууруулах бодис хэрэглэсэн байж магадгүй” гэх зүйл дурджээ.

undefined



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд