Мексикийн ерөнхийлөгчийн сонгууль дууссан ч албан тушаалтныг хөнөөсөөр байна

Мексикийн ерөнхийлөгчийн сонгууль дууссан ч албан тушаалтныг хөнөөсөөр байна

Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч сонгогдсноос хэдхэн цагийн дараа зэвсэгт этгээдүүд нэгэн хотын захирагч эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарчээ. Йоланда Санчес 2021 оны есдүгээр сараас хойш удирдаж байсан Котижа хотдоо буудуулж амиа алдсан байна.
Тэрээр хотын захирагчын албан тушаалд сонгогдсон анхны эмэгтэй байв. Улс төрчдийн эсрэг өргөн хүрээтэй хүчирхийлэл Мексикийн ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа ч гэсэн үргэлжилж байна.
Йоланда Санчес Мичоакан мужийн Котижа хотын төвд зэвсэгт этгээдүүдийн отолтонд өртжээ. Түүнийг 19 удаа буудсан бөгөөд халдлагын дараахан эмнэлэгт нас барсан байна. Бие хамгаалагч нь мөн буудуулж амь үрэгджээ. Одоогоор халдлагатай холбогдуулан сэжигтнүүдийг баривчилгаагүй байгаа ч зэвсэгт этгээдүүд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд харьяалагддаг гэж олон нийт үзэж байна.
Санчес 2021 оны есдүгээр сард албан тушаалдаа орсноосоо “түүнийг ална” гэж заналхийлсэн мессеж ирдэг байсан гэж мэдээлж байжээ.
Өмнө нь 2023 онд хөрш Жалиско мужид Санчес айлчлах үеэр зэвсэгт этгээдүүд түүнийг гурван өдрийн турш барьцаалж байжээ. Барьцаалж байхдаа буу тулгаж, сэтгэлзүйн дарамт учруулсан гэж Санчес мэдэгдсэн. Тухайн этгээдүүдийг ямар гэмт бүлэглэлд харьяалагддагийг мэдэхгүй гэж хэлсэн ч орон нутгийн сонинууд Халискогийн шинэ үеийн картел (CJNG) байх хамгийн их магадлалтай гэж мэдээлж байжээ. “CJNG”  нь хар тамхины наймаа, мөнгө авах зорилгоор хүн хулгайлах үйл ажиллагаа эрхэлдэг. Тендерийг нь олгохоос татгалзсан төрийн албан хаагчдыг онилдгоороо мөн алдартай. Санчесыг заналхийлсэн хүмүүс гэмт хэргийн бүлэглэлийн орлогоор хотын аюулгүй байдлыг хангадаг мужийн цагдаагийн ажилтнуудыг худалдаж авахыг ятгасан байжээ.  Санчес татгалзаж, хотыг аюулгүй байлгахыг цэргийн хүчнээс хүссэн байдаг.

Албан ёсны мэдээллээр есдүгээр сараас хойш сонгуульд нэр дэвшсэн 20 гаруй хүн амиа алдсан ч энэ тоо 40 дөхсөн байх магадлалтай аж. Гэхдээ сонгуулийн дараа ч албан тушаалтныг хөнөөх хэрэг гарсаар байгаа тул шинээр сонгогдсон ерөнхийлөгчийг том аюулгүй байдлын алхам хийхийг иргэд нь хүлээж байна.

                                                                                                                                                                                                                                                Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд