ОХУ-ын ерөнхийлөгч Өрнөдийнхөнд халдах боломжтой улс орнуудыг зэвсэглэхээр сүрдүүлэв

ОХУ-ын ерөнхийлөгч Өрнөдийнхөнд халдах боломжтой улс орнуудыг зэвсэглэхээр сүрдүүлэв

Герман улс саяхан илгээсэн зэвсгээр нь ОХУ-ын нутаг дэвсгэр дэх цэргийн байгууламжуудад довтлох зөвшөөрлийг Украины талд өгсөн билээ.

Үүний хариуд Өрнөдийн орнуудад довтлох чадвартай улсуудад алсын тусгалын зэвсэг нийлүүлэх боломжтойгоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгджээ.

“Үүнийг Оросын Холбооны Улсын эсрэг дайнд шууд оролцсонд тооцно. Бидэнд ижил замаар хариу арга хэмжээ авах эрх бий” гэж Путин тангараг өргөснөөсөө хойш анх удаа гадаадын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Хэрвээ тэд дайны бүсэд ийм зэвсэг нийлүүлж, үүгээрээ манай нутаг дэвсгэрт довтолж, бидэнд асуудал үүсгэх боломжтой гэж үзэж байгаа бол бид яагаад Орост довтлох зэвсэг нийлүүлсэн орнуудын эмзэг объектуудад цохилт өгөх ижил төрлийн зэвсгийг дэлхийн зарим бүс нутгийн улс орнуудад нийлүүлэх эрхгүй гэж?” гэж хэлжээ.

“Бид энэ талаар бодох болно” гэж Путин үргэлжлүүлэн хэлсэн байна.

Германаас гадна АНУ, Франц, Их Британи, Нидерланд зэрэг улс орнууд Украинд ийм зөвшөөрөл өгөөд байгаа.

Путин бас гаргасан шийдвэр нь ноцтой үр дагаварт хүргэхийг Германы эрх баригчдад анхааруулсан юм.

“Оросын газар нутаг дахь байгууламжуудыг устгахад тэдний пуужингуудыг ашиглаж эхэлбэл энэ нь Орос-Германы харилцааг бүхэлд нь сүйрүүлсэн хэрэг болно” гэж тэр хэлжээ.

Энэ үеэр Путин бас Байден, Трамп нарын хэн нь ч  ерөнхийлөгчөөр сонгогдсон Орос-Америкийн харилцаанд өөрчлөлт гарахгүйг батлан илэрхийлсэн байна.

“Бид Америкийн ард түмний сонгосон ямар ч ерөнхийлөгчтэй хамтран ажиллах болно. Чин үнэнээ хэлэхэд сонгуулийн дараа Америкийн улс төрд хандах Оросын хандлага өөрчлөгдөнө гэж бид огт бодохгүй байгаа. Бид тэгж бодохгүй байна. Тоймтой өөрчлөлт гарахгүй гэж бодож байна” гэж тэр хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч асан Дональд Трамп шүүхээс ял сонссон үйл явдлыг Путин “дотоод улс төрийн зөрчил тэмцэлд шүүхийн системийг ашиглаж байгаагийн илрэл” гэж дүгнэсэн байна.

Украины дайнд Оросын зэвсэгт хүчний амссан хохирлын талаар тоо баримт асуухад Путин “Украины хохирлын хэмжээ Оросынхоос тав дахин өндөр байгаа” гэснээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Тэр бас Оросын талд олзлогдоод буй Украины цэргийн тоог 6,400, эсрэгээрээ Украины олзонд байгаа Оросын цэргийн тоог 1,300 гаруй гэж мэдээлжээ.

Жил бүр зохион байгуулагддаг Санкт Петербургийн Эдийн Засгийн Чуулганы эхний өдөр Путин гадаадын сэтгүүлчидтэй уулзсан нь энэ юм.

Украины дайн эхлэхээс өмнө тэр уг арга хэмжээний үеэр гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулздаг уламжлалтай байсан бол сүүлийн хоёр жил завсарлаад байв.

 

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд