Агаарын хүчтэй урсгалд орж, зорчигчдоо гэмтээсэн “Сингапур Эйрлайнс” компани нөхөн төлбөр олгохоор болжээ

Агаарын хүчтэй урсгалд орж, зорчигчдоо гэмтээсэн “Сингапур Эйрлайнс” компани нөхөн төлбөр олгохоор болжээ

Өнгөрсөн тавдугаар сард Лондон хотоос Сингапурын чиглэлд нисэж байсан “Singapore Airlines” компанийн нисэх онгоц агаарт хүчтэй донсолсны улмаас нэг зорчигч амиа алдаж, 71 хүн бэртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Мьянмарын нутаг дээгүүр нисэж байсан 211 зорчигч, нисэх багийн 18 гишүүнтэй Boeing 777-300ER онгоц агаарын хүчтэй урсгалд орсныхоо дараа Тайландын нийслэл Бангкокт ослын буулт хийсэн юм.

Сингапур улсын зам тээврийн яамнаас гаргасан дүгнэлтэд “Онгоцонд үйлчилж байсан таталцлын хүч (G) огцом өөрчлөгдсөний улмаас суудлын бүсээ зүүгээгүй байсан зорчигчид агаарт шидэгджээ. Босоо чиглэлийн хурдатгал 4 секундийн дотор сөрөг 1.5G-ээс эерэг 1.5G хүртэл өөрчлөгдсөн байна. 4.6 секундийн хугацаанд гарсан G хүчний хурдтай өөрчлөлтийн үр дүнд нислэгийн өндөр 11,388 метрээс 11,334 метр болж, 54 метр өндрөөс унажээ. Ийм үйл явдал зорчигчид, нислэгийн багийн гишүүдийг гэмтэж бэртэхэд нөлөөлсөн байна” гэж дурдсан.

Тэгвэл “Сингапур Эйрлайнс” компани хөнгөн бэртэл авсан зорчигч тус бүрт 10,000 ам.доллар, хүндээр бэртсэн зорчигчдод 25,000 ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргалаа. Мөн гэмтэж бэртээгүй боловч тус онгоцонд байсан бүх зорчигчид нислэгийн тасалбарын үнийг бүрэн буцаан олгохоор болжээ.

Дээрх ослын улмаас Их Британийн 73 настай иргэн Жофф Кичен амиа алдсан бол бусад 104 зорчигч хүнд болон хөнгөн бэртэл авсан байдаг. Тэдгээр бэртэж гэмтсэн зорчигчдын 12 нь одоо ч Бангкокын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

                                                                                                                                                                                                                                 Эх сурвалж: ABC News



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд