Балтийн тэнгисийн гурван улс 2025 оны эхээр Оросоос  эрчим хүчний сүлжээгээ  салгана

Балтийн тэнгисийн гурван улс 2025 оны эхээр Оросоос эрчим хүчний сүлжээгээ салгана

Эстони, Латви, Литва улсууд 2025 оны хоёрдугаар сард өөрсдийн эрчим хүчний сүлжээг Орос, Беларусийн БРЭЛЛ сүлжээнээс салгахаар төлөвлөснийг мэдэгджээ.

“Балтийн улсууд ирэх оны хоёрдугаар сараас холболтоо салгах хүсэлтээ Орос, Беларусийн талд мэдэгдсэнээр 20 орчим жил үргэлжилсэн синхрончлолыг сааруулах үйл явц наймдугаар сарын эхээр дуусах болно” гэж Эстони улсын эрчим хүчний сайдын орлогч Яанус Уйга өчигдөр орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Гурван улс БРЭЛЛ сүлжээнээс салсныхаа маргааш буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр Европын эх газрын UCTE эрчим хүч түгээх сүлжээнд холбогдох ажээ.

Уг шилжилт иргэдийн эрчим хүчний хэрэглээнд нөлөөлөхгүйгээр хэрэгжих гэнэ.

Балтийн тэнгисийн гурван улсын эрх баригчид Оросын эрчим хүчний хараат байдлаас салах стратеги зорилтыг бүр 2007 онд тавьж байжээ.

Одоогоор UCTE сүлжээнд Эстони, Латви, Литва гурваас бусад Европын Холбооны бүх гишүүн орнууд холбогдсон байдаг юм.

Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр Зөвлөлт Холбоот Улс эдгээр улсуудыг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэсний дараа эрчим хүчний сүлжээндээ холбож байжээ.

2018 онд Балтийн гурван улс Европын Зөвлөл болон Польш улстай UCTE сүлжээнд холбоход шаардлагатай эрчим хүчний дэд бүтцийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээ байгуулж байв.

Үүний үр дүнд Литвагийн сүлжээг Польштой холбодог LitPol шугам болон Балтийн тэнгисээр татсан шинэ шугамаар UTCE сүлжээнд холбогдож байгаа юм.

Украины газар нутагт Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлсний дараа 2023 оны тавдугаар сард гурван улсын эрх баригчид БРЭЛЛ сүлжээнээс салах үйл явцыг хурдасгах тохиролцоонд хүрч байжээ.

Уг шилжилтийн нийт зардал 1.6 тэрбум евро болж байгаа ба үүний дөрөвний гурвыг Европын Холбоо санхүүжүүлсэн байна.

Оросын үндсэн газар нутгаас салангид оршдог Калининград муж энэхүү шилжилтэд бэлдэх зорилгоор байгалийн хийгээр ажилладаг шинэ цахилгаан станц байгуулж байгаа юм байна.

Тус муж БРЭЛЛ сүлжээнд Литвагийн нутгаар дамжин холбогддог ажээ.

 

                                                                                                                                                                                                           Эх сурвалж: AFP



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд