Орос улс Япон тэнгист гарах усан замыг Хятад улсад нээж өгөхөөр болжээ

Орос улс Япон тэнгист гарах усан замыг Хятад улсад нээж өгөхөөр болжээ

Хятад, Орос, Умард Солонгос улсууд удахгүй Хятадын хөлөг онгоцнуудыг Түмэн голоор дамжуулан Япон тэнгист хүргэх усан замыг нээх асуудлыг зөвшилцөх гэж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Түмэн гол нь Хятад-Умард Солонгосын хилийн дагуу урсаж, эцэст нь Орос-Умард Солонгосын хил дагуу урссаар Япон тэнгист цутгадаг юм.

Одоогоор Хятадын хөлөг онгоцнууд өөрийн нутгийн хамгийн зүүн захын цэг болох Жилин мужийн Фанчуань тосгон хүртэл Түмэн голоор аялах хязгаартай байдаг.

Үүнээс цааш 15 км үргэлжлүүлэн аялбал Япон тэнгист хүрэх юм.

Ингэхийн тулд Орос, Умард Солонгос хоёрын зөвшөөрөл хэрэгтэй.

Энэхүү усан замаар том хэмжээний хөлөг зорчиход бас Орос-Умард Солонгосыг холбосон хуучин Зөвлөлтийн үеийн 7 метр өндөр гүүр саад болдог.

Өнгөрсөн сард Путинийг Бээжинд айлчлах үеэр гаргасан хоёр улсын хамтарсан мэдэгдэлд Түмэн голын асуудлаар бүтээлч хамтын ажиллагаа эхлүүлэх болсон талаар дурдсан юм.

Түмэн голын сав газар уг нь Хятадын түүхэн газар нутагт тооцогддог. 1860-аад оны үед Оросын эзэнт гүрэн энэ хэсгийг мэдэлдээ авч, зүүн хойд Хятадыг Япон тэнгисээс тусгаарласан юм.

Хятадын тал өмнө нь Түмэн голын усан замыг ашиглах, сав дагуу эдийн засгийн тусгай бүс байгуулах саналыг Оросын талд олон удаа тавьж байжээ.

Гэвч бүс нутагт Хятадын нөлөө нэмэгдэхээс болгоомжилсон Оросын эрх баригчид уг саналд татгалзсаар ирсэн юм.

Харин Украины дайны улмаас Өрнөдийн хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн Орос улс Хятадаас эдийн засгийн гүн хамааралтай болсноор хүчний харьцаа өөрчлөгдөж байна.

Түмэн голыг ашиглах асуудлаар энэ оны дөрөвдүгээр сард Пёнянд айлчилсан Хятадын Коммунист Намын гуравдугаар дэсийн албан тушаалтан Зао Лэжи ярилцсан бөгөөд Умард Солонгосын тал зөвшөөрөх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Хэрвээ талууд зөвшилцвөл Түмэн голын дээр байгуулагдсан хуучин гүүрийг нураах юм байна.

Энэ замаар том хэмжээний хөлөг онгоцнууд зорчдог болбол “Хятадын экспортын зардлыг хямдруулж, Япон, Өмнөд Солонгос зэрэг зүүн хойд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлэх” ач холбогдолтойг Хятадын Рэнмин Их сургуулийн Санхүүгийн Судалгааны Чонян хүрээлэнгийн эрхлэгч Ван Вэнь онцолжээ.

Нөгөө талаар энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөх юм.

“Хэрвээ Хятадын эргийн хамгаалалтын хөлгүүд Япон тэнгист идэвхэжвэл Япон улс одоо Сенкакү арлуудын орчимд төвлөрч буй эргийн хамгаалалтын хөлгүүдээ энэ чиглэлд илгээх шаардлагатай болно. Энэ нь Зүүн Хятадын тэнгис дэх Японы хяналтыг сулруулж болзошгүй юм” гэж Фүкүока хот дахь Кюшү Их сургуулийн Хятадын гадаад бодлого судлалын профессор Чисако Масуо тайлбарлажээ.

 

                                                                                                                                                                                                                                                      Эх сурвалж: Nikkei

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд