Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Германы Дюссельдорф хотын прокурорууд тус улсын түүхэнд хамгийн томд тооцогдох кокаины хэргийг илрүүлснээ Даваа гарагт зарлажээ.
Хэд хэдэн чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцноос хар захын ханшаар нийтдээ 2.6 тэрбум еврогийн үнэ хүрэх хар тамхийг илрүүлж, үүнтэй холбоотой долоон хүнийг баривчилсан байна.
Колумбын эрх баригчдын өгсөн мэдээллийн дагуу Хамбург хотын боомтоос 25 тонн, Нидерландын Роттердам боомтоос 8 тонн, Колумбын боомтоос бараг 3 тонн, нийтдээ 35.5 тонн кокаиныг илрүүлснээ прокурорын алба мэдээлжээ.
Тэдгээрийг жимс, хүнсний ногоотой ачаанд нуусан байсан гэнэ.
Европолтой хамтарсан "OP Plexus" нэртэй нууц ажиллагааны хүрээнд тэд Германы хоёр, Туркийн хоёр, Азербайжан, Болгар, Марокко, Украины тус бүр нэг иргэнийг баривчилжээ.
Тэд 30-аас 54 хүртэл настай хүмүүс байсныг мэдээлсэн байна.
Гэхдээ Германы хуулийн дагуу баривчлагдсан хүмүүсийн нэрсийг зарлахаас татгалзжээ.
Баривчлах ажиллагааны үеэр тэдний эзэмшлийн байгууламжуудаас олон тооны гар утас, зөөврийн компьютер, алтан гулдмай, бэлэн 23,300 евро, 250,000 еврогийн үнэ бүхий Porsche автомашин хураасан байна.
Дюссельдорф хотын гаалийн газрын мөрдөх албаны тэргүүн Тино Ингелманн жилээс жилд Германд хураагдсан кокаины хэмжээ улам бүр нэмэгдэж байгааг хэвлэлийн хурлын үеэр анхааруулжээ.
Умард Рейн-Вэстфаль мужийн хууль зүйн сайд Бенямин Лимбах “Энэ бол олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэгт өгсөн том цохилт. Энэ бол хар тамхины картелийн эздийн эрүүг хуга цохисноос ялгаагүй үйл явдал” гэж мэдэгдээд хэргийг илрүүлсэн ажилтнуудад баяр хүргэсэн байна.
Эх сурвалж: Reuters