“Их Долоо”-гийн бүлэг Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахаа хатуу мэдэгдлээ

“Их Долоо”-гийн бүлэг Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахаа хатуу мэдэгдлээ

Италид болж буй "Долоогийн бүлгийн" (Их 7) дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гаргасан хатуу анхааруулга нь БНХАУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авахыг Европын орнуудад уриалж буй хэрэг гэдгийг ажиглагчид онцолжээ.

БНХАУ нь Украин дахь хууль бус дайнаа үргэлжлүүлэх боломжийг ОХУ-д олгож байгаа бөгөөд аюулгүй байдалд чухал ач холбогдолтой, өргөн хүрээтэй нөлөө үзүүлж байна гэж Долоогийн бүлгийн удирдагчид баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. ОХУ-д зэвсгийн эд анги, тоног төхөөрөмж зэрэг давхар зориулалттай материалыг шилжүүлэхээ зогсоохыг Хятадаас  Долоогийн бүлгийн удирдагчид шаардсан байна.

Мөн удирдагчид Орост барууны хоригийг тойрч гарахад тусалж байна гэж үзэж буй Хятадын аж ахуйн нэгжүүдийг шийтгэнэ, хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлэв. "Бид Оросын дайны машиныг бодитоор дэмжиж байгаа Хятад болон гуравдагч орны оролцогчид болон Хятад дахь бусад байгууллагуудын эсрэг арга хэмжээ авахаа үргэлжлүүлнэ" гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Америкийн албаныхан Хятадыг Орост цэргийн үйлдвэрлэл, тэр дундаа хагас дамжуулагч, материал, машин хэрэгсэл зэрэг экспортоор дамжуулан тусалж байна гэж буруутгаж, Москвад танк, сум, хуягт тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийг олгож байна гэж үзэж байна. Бээжин энэ мэдэгдлийг няцааж, аль аль талд нь зэвсэг өгөөгүй, давхар хэрэглээний барааны экспортод хатуу хяналт тавьж байгаа гэж мэдэгджээ. Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баасан гарагт болсон хуралдааны үеэр Хятадын элч энэ байр сууриа давтаж, дайныг "Хятадыг гутаан доромжлох шалтаг" болгосон хэмээн АНУ-ыг буруутгажээ. АНУ болон Европын холбоо Хятадын компаниудын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа бөгөөд энэ долоо хоногт АНУ Орост хагас дамжуулагч нийлүүлдэг Хятадад төвтэй пүүсүүдийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Хятад улс зэвсэг нийлүүлдэггүй, харин эдгээр зэвсгийг үйлдвэрлэх чадвар, үүнийг хийх боломжтой технологитой. Тиймээс энэ нь Орост тусалж байна"  хэмээсэн. Өнгөрсөн сард АНУ мөн цахилгаан машин, цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүн зэрэг үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой гэж үзсэн БНХАУ-ын хэд хэдэн салбарт 18 тэрбум ам.долларын  шинэ татвар ногдуулсан. "Бид Хятад улс Өмнөд Хятадын тэнгист эргийн хамгаалалт, тэнгисийн цэргийн хүчийг аюултайгаар ашиглаж, улс орнуудын далайд зорчих эрх чөлөөнд удаа дараа саад учруулж байгааг эсэргүүцсээр байна" гэж Долоогийн бүлгийн хамтарсан мэдэгдэлд мөн дурджээ.

Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Хятадын ГХЯ G7-ын байр суурийг "Хятадыг гүтгэж, дайрсан" гэж буруутгасан байна.

                                                                                                                                                              Эх сурвалж: CNN

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд