Крымийн энгийн номхон иргэд пуужингийн цохилтод хэлмэгдсэнд Оросын тал АНУ-ыг буруутгав

Крымийн энгийн номхон иргэд пуужингийн цохилтод хэлмэгдсэнд Оросын тал АНУ-ыг буруутгав

Крымийн хойгт Украины арми пуужингаар довтлох үеэр таван энгийн иргэн алагдсаны гурав нь хүүхэд байсныг ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр буюу Ням гарагт мэдээлжээ.

Севастополь хотын ойролцоо тэнгисийн эргийн дээр пуужин дэлбэрсний улмаас тэнд амарч байсан хүмүүс агаарт цацагдсан металлын хэлтэрхийд оногдсон юм байна. Энэ үеэр бас 100 гаруй хүн шархадсаныг Оросын албаны эх сурвалж мэдээлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дээрх халдлагад АНУ-аас нийлүүлсэн ATACMS пуужинг ашигласан тул “энгийн номхон иргэдийн амийг хөнөөсөн үйлдлийн бурууг Вашингтон болон Киевийн эрх баригчид хүлээх ёстой” гэсэн байна.

Севастополь хотын захирагч Михаил Развозжаев пуужингийн дэлбэрэлтийн үеэр гурван хүүхэд, хоёр насанд хүрэгч алагдаж, бараг 120 хүн шархадсан тухай Телеграм хуудсандаа мэдээлжээ.

Севастополь хот бол 2014 онд ОХУ-д хүчээр нэгтгэгдсэн Крымийн хойгийн гол боомт юм.

Тус хот дахь Оросын цэргийн байгууламжууд Украины агаарын цохилтод байнга өртдөг ч өчигдрийн цохилт бусад үеийнхээс хамаагүй илүү хүн хүчний хохиролтой байлаа.

Оросын Холбооны Мөрдөн Байцаах Хороо болсон явдалтай холбогдуулан “терроризмын хэрэг” үүсгэн шалгаж эхэлснээ мэдээлжээ.

Украины талаас таван пуужин харвасныг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем устгах үеэр уг дэлбэрэлт болсныг Севастополийн захирагч мэдэгдэлдээ дурдсан байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам дөрвөн пуужинг устгах үеэр тав дахь пуужин чиглэлээ өөрчилж, хотын дээр дэлбэрсэн гэж тайлбарлажээ.

“Бүх пуужин АНУ-ын хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн АНУ-ын мэргэжилтнүүдийн харвасан ATACMS пуужингууд байсан. Тиймээс энэ үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй” гэж тус мэдэгдэлд анхааруулсан байна.

Украины эрх баригчид одоогоор энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Сүүлийн хоёр өдөр фронтын шугамын хоёр талд хохирол ихтэй агаарын цохилтууд үргэлжилж байлаа.

Бямба гарагт Оросын зэвсэгт хүчин Харьков хотын орон сууцны барилгад удирдлагатай бөмбөгөөр довтолсны улмаас хоёр энгийн иргэн алагдаж, 50 гаруй хүн шархадсан юм.

Маргааш нь буюу Ням гарагт Харьков хотын орон сууц, боловсролын байгууллагад довтлохдоо нэг иргэний амийг хөнөөж, 10 хүнийг шархдуулсан тухай Харьков мужийн захирагч Олег Синегубов мэдээлжээ.

Ням гарагт бас Украины гурван дрон хил орчмын Грайворон хотод довтлох үеэр автомашины гарааш оногдож, нэг хүн амь үрэгдсэнийг ОХУ-ын Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдээлсэн юм.

“Энгийн номхон нэг иргэн шархаа даалгүй амь үрэгдлээ. Өөр гурван хүн шархадсан” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ.

 

                                                                                                                                                                                                                                                              Эх сурвалж: AFP



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд