Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмсэн гэсэн ч бодит байдал дээр царцжээ

Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмсэн гэсэн ч бодит байдал дээр царцжээ

УИХ долоохон хоногт багтаан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан байдаг. Хууль батлагдсаны дараа Засгийн газар, Монголбанк, Сангийн яамны удирдлагууд ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.2 их наяд төгрөг болгон нэмэгдүүлснээ зарлаж байсан. Баялгийн санд хуримтлуулах төрийн өмчит компаниудын хөрөнгөөс 500 тэрбум төгрөгийг иргэдээ орон сууцжуулахад хуваарилж байна гэж Засгийн газраас мэдэгдэж байсан билээ. Ингэснээр жилд 10 мянган айлыг ипотекийн зээлд хамруулж, орон сууцжуулна гэж тэд /Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд С.Жавхлан/ амлаж байлаа. Гэхдээ бодит байдал дээр зарим банкууд ипотекийн зээл олголтоо зогсоосон байна. Манай сайтад хэд хэдэн иргэнээс "ипотекийн зээл олгохгүй байна", "санхүүжилтийг нь нэмсэн гэчихээд яагаад олгохгүй байгааг тодруулж өгөөч" гэсэн хүсэлт олонтаа ирж байна.

Иймд, манай редакцад иргэдээс ипотекийн зээл олгохгүй байна гэсэн мэдээлэл ирсний дагуу бид хэд хэдэн арилжааны банктай холбогдож зээл олгож байгаа эсэх талаар тодрууллаа.

Төрийн банк: Албан ёсоор ипотекийн зээлийг зогсоосон гэсэн шийдвэр ирээгүй ч зээл олгох ажил зогсоод байгаа. Төвөөс шалтгааныг нь асуухад Засгийн газраас шийдвэр иртэл түр зогсоосон гэсэн хариуг бидэнд өгсөн.

ХААН Банк: Манай банк зургадугаар сараас ипотекийн зээлийг тодорхойгүй хугцаагаар түр зогсоосон. Ямар шалтгаантайг нь сайн мэдэхгүй байна.

Хас банк: Зарим салбар зээлээ түр зогсоосон. Гэхдээ салбаруудын ачаалал харилцан адилгүй учраас ачаалал бага салбар дээр хүсэлт авч байгаа. Гэхдээ хүсэлт авсан ч зээл олголт зургаан сараас нэг жил хүлээгдэж байна. Учир нь эх үүсвэрийн зөвшөөрөл Монголбанкнаас маш их удаж ирж байна. Зөвшөөрөл 1-2 сар хүлээгдэж байна. Тиймээс зээл олголт удаан байна. Зөвшөөрөл удахгүй ирчихвэл бид зээлээ хурдан олгоод явах боломжтой.

Голомт банк: Манай банк ипотекийн зээлийн хүсэлт авч байгаа. Гэхдээ хүлээгдэл их байгаа учраас их удаж шийдвэр гарч байгаа.

Арилжааны банкуудын дурын нэг салбараас тодруулахад дээрх тайлбарыг өглөө.

Харин Монголбанкнаас тодруулахад ипотекийн зээл хэвийн олгож байгаа гэсэн тайлбарыг өгсөн юм. Гэхдээ бодит байдал дээр иргэд ипотекийн зээлд хамрагдах гэж маш их хүлээлт, тодорхойгүй байдалтай нүүр тулаад байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Засгийн газар ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн гэсэн мэдээллийн дараа орон сууцны үнэ өнгөрсөн жилийнхээс 11 хувиар нэмэгдсэн. Засгийн газар, Монголбанкнаас ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа, бүр санхүүжилтээ нэмсэн гэсэн боловч бодит байдал дээр иргэд зээлээ авч чадахгүй хэвээр л байна.

Ер нь өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийг хангалттай олгож чадаагүй, маш их оочер дараалал үүссэн байсан. Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд байгаагийн 3520 нь орон нутагт, үлдсэн 16531 нь Улаанбаатарт байна гэсэн албан мэдээ бий.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд