ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал: 27-ны өдрөөс ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж эхэлнэ

ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал: 27-ны өдрөөс ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж эхэлнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар анхааруулга  мэдээлэл өглөө.

ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал “Өнөөдөр өглөөний байдлаар голуудын түвшин ямар байгаа талаар мэдээлэл өглөө.

Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адаг хэсгээрээ, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Хараа, Шарын гол, зүүн хажуугаас усжих Онон, Хэрлэн гол, Багануур дүүрэг орчимд өмнөх өдрөөс 10-30 см-ээр нэмэгдсэн байна.

Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон голуудын үерийн аюултай түвшин 5-55 см-ээр, Туул, Балж, Хэрлэн, Хурх голуудын үерийн аюултай түвшин 5-30 см-ээр давсан хэвээр байна.

Мөн Алтайн нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн аюултай түвшинг 5-10 см-ээр даван үерлэж байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 26-нд Туул гол Төв аймгийн Лүн сум орчимд, Хэрлэн гол Хэнтий аймгийн Өндөрхаан орчимд, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд усны түвшин 10-50 см-ээр нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс үерийн эрсдэл улам нэмэгдэнэ гэсэн үг. Эдгээр голуудын дагуу нутаглаж байгаа малчид, ард иргэд үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ойрын өдрүүдээс хур тунадас хамгийн багатай нь зургаадугаар сарын 26-ны өдөр. 27-ноос төв, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орж эхэлнэ. 28, 29-ний өдрүүдэд үргэлжилсэн бороо орох тул төв, зүүн аймгуудын голуудын түвшин нэмэгдэж, үер болох нөхцөл маш өндөр байгааг анхааруулъя.

Мөн 27-нд баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 28, 29-нд говийн аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо орно.

28-нд сонгуулийн санал хураах өдөр. Сонгууль зохион байгуулагч болон санал өгөх иргэд бэлэн байдлаа хангаж, үерийн эрсдэлд өртөхгүй байхыг анхааруулж байна" гэв. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд