Boeing компанийн анхны хөлгөөр хөөрсөн сансрын нисгэгчид дэлхийн тойрог замд тодорхойгүй хугацаагаар гацжээ

Boeing компанийн анхны хөлгөөр хөөрсөн сансрын нисгэгчид дэлхийн тойрог замд тодорхойгүй хугацаагаар гацжээ

Дэлхийн томоохон нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing компанийн сансрын тээврийн салбарт нэвтрэх анхны оролдлого саад бэрхшээл ихтэй байна.

2014 онд NASA өөрийн сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх хөлөг бүтээлгэхээр Америкийн хоёр компанийг сонгон шалгаруулсан нь Boeing, SpaceX хоёр байсан юм.

Илон Маскийн компани 2020 онд бүтээсэн хөлгөө ашиглалтад оруулсан нь одоо NASA-д үйлчилж байгаа.

Харин Boeing компанийн хөлөг олон удаа хойшилсны эцэст энэ сарын эхээр хоёр сансрын нисгэгчийг дэлхийн тойрог замд байрладаг Олон Улсын Сансрын Станцад хүргэсэн юм.

Ингэхдээ Space X компани Boeing-оос хоёр дахин бага төсвөөр захиалгыг биелүүлж байжээ.

Асуудал үүгээр дууссангүй. Зургаадугаар сарын 6-ны өдөр тойрог замд Starliner хөлгөөр хүрсэн NASA-гийн хоёр сансрын нисгэгчийн буцах хугацаа хойшилсоор байна.

Уг нь тэд тойрог замд 8-10 хоноод дэлхийд буцаж ирэх ёстой байсан юм.

Гэвч 12 хоногийн дараа Boeing компани сансрын нисгэгчдийн буцах хугацааг энэ сарын 26 хүртэл хойшлуулж байгааг зарлажээ.

Харин өнгөрсөн Баасан гарагт Boeing хугацааг дахин хойшлуулж байгааг зарласан юм. Ингэхдээ хэзээ буцаах талаар тодорхой хугацаа хэлээгүй байна.Ямартай ч нөөцийн хүрэлцээ хангалттай байгаа тул сансрын нисгэгчдэд "яарах шалтгаан" байхгүйг Boeing мэдэгдэлдээ тайлбарлажээ.

Starliner хөлгөөр хөөрсөн сансрын нисгэгчид Бач Уилмор, Сани Уилльямс нар өмнө нь тойрог замд олон хоног ажиллаж байсан туршлагатай хүмүүс юм.

Тухайлбал 1998 онд сансрын нисгэгч болсон Уилльямс үүнээс өмнө тойрог замд 322 хоногийг өнгөрөөж байжээ. Уилмор нь 2000 оноос хойш нийт 178 хоногийг мөн тойрог замд өнгөрөөсөн байна.

Starliner хөлгийг хөөргөх хугацаа хойшлоход SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өрсөлдөгчөө “хэтэрхий олон техникийн бус менежэртэй” хэмээн шүүмжилж байв.

Boeing компанийн үндсэн бизнес ч бас сүүлийн үед нэлээд асуудалтай байгаа.

Энэ оны нэгдүгээр сард Alaska Airlines компанийн ашигладаг Boeing 737 Max 9 загварын онгоц агаарт 4,800 метрийн өндөрт нисэж байх үедээ ослын хаалгаа гээж байв.

Энэ явдлаас хойш Boeing компанийн хэд хэдэн ажилтан чанар, аюулгүй байдлын асуудлаар “шүгэл үлээсэн” нь дуулиан дэгдээгээд байна.

 

                                                                                                                                                  Эх сурвалж: Business Insider

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд