Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даваа гарагт Румын улсын парламент энэ онд устгах баавгайн тоо толгойг бараг 500-д хүргэх шийдвэрийг баталжээ.
Тус улс 8,000 орчим хүрэн баавгайтай нь ОХУ-аас бусад Европ тивийн орнуудын дотор тэргүүлэх үзүүлэлт юм.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ амьтан 26 хүний амийг хөнөөж, 274 хүнийг ноцтой гэмтээсэн талаар Румыний байгаль орчны яам энэ оны эхээр мэдээлж байв.
Саяхан Карпатын нуруунд аялж байсан залуу уулчин баавгайд самардуулж үхсэн нь асуудлыг нухацтай авч хэлэлцэхэд хүргэсэн юм.
Энэхүү эмгэнэлт явдлын дараа ерөнхий сайд Марчел Чолаку хүрэн баавгайн тоо толгойг бууруулах шийдвэр гаргуулахаар парламентын ээлжит бус чуулганыг зарлаж, хууль тогтоогчдын зуны амралтыг завсарлуулсан байна.
Парламентын чуулганаар гишүүд хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэнээс гадна 19 настай уулчны дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсжээ.
Шинэ хуулиар 2024 онд устгах баавгайн тоог 481 болгосон нь өнгөрсөн оны 220-оос хоёр гаруй дахин өсгөсөн үзүүлэлт юм.
Гэхдээ байгаль хамгаалагчид энэ шийдвэрийг хүрэн баавгайн аюулаас ард иргэдийг хамгаалах хамгийн зөв шийдэл гэж үзэхгүй байна.
Тухайлбал хүн амын суурьшлын бүсээс баавгайг хол байлгах нөхцөлийг бүрдүүлэх, хүнс тэжээлийн нөөцийг элбэгшүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах ёстой гэж тэд үзэж байгаа юм.
2023 онд Румынд баавгайтай тааралдсан талаар иргэдээс 7,500 орчим дуудлага онцгой байдлын албанд ирж байжээ.
Энэ нь өмнөх жилээсээ хоёр дахин өссөн тоо юм байна.
Эх сурвалж: AFP