Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 32.360, мөрдөн байцаалтын 2585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 65 хэргийг хүргүүлсэн байна.
Шийдвэрлэсэн онцлох хэргээс дурдвал:
- “Би Ай Эм” ХХК нь 2024 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “Дархан импекс” ХХК-ийн хашаанд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д багтсан бодисыг хууль бусаар хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.
- Нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны ... тоотыг 2023 оны долдугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслэх явцдаа цахим орчинд “Ажил хайж байгаа охидууд байвал холбогдоорой, амархан ажил байна шүү” гэсэн зар байршуулжээ. Ийн зарын дагуу ажил хийхээр ирсэн охидыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан гэх хэрэгт иргэн О.Н /эр/-ыг энэ оны долдугаар сарын 2-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, долдугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.
- Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 97 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлээд байна.
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.